Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Оюундэлгэр: Эмэгтэйчүүд ч мөн бэлгийн дур хүслээ илэрхийлэх эрхтэй

С.Лхамсүрэн, Өдрийн сонин
2020 оны 5 сарын 19
Өдрийн сонин
Зураг зураг

Монгол Улсын Их сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн багш Э.Оюундэлгэртэй жендерийн сэтгэл судлалын хүрээнд бэлгийн амьдрал, бэлгийн боловсролын талаар ярилцлаа.

-Сексологи судлалын талаар яриагаа эхэлье. Үүнийг судлах шаардлага, ач холбогдол нь чухам юунд байгаа юм бэ?

-Сексологи нь хүмүүсийн эрүүл бэлгийн харилцаа, нөхөн үржихүй, жендер, бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэл, бэлгийн хэвийн бус зан үйлийг нас, хөгжлийн онцлогтой нь судалдаг л даа.

Сайн сайхан харилцаатай хүмүүс хамгийн аз жаргалтай байдаг гэсэн судалгаа бий. Тиймээс сексологи нь хүмүүсийн сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэнд, сайн сайхантай холбогдож байгаа юм. Үүний үр дүнд хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Мөн бэлгийн хүчин, дотно хамтрагчийн хүчирхийлэл зэрэг хүчирхийлэл үйлдэх, бусдад бие махбод, сэтгэцэд гэмтэл учруулахаас, үүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

Нөгөөтэйгүүр нийгэмд гадуурхагдаж буй бэлгийн цөөнхийн эрх ашгийг хамгаалах ач холбогдол бий. Хүмүүс бие биеэ харилцан ойлгож, харилцаандаа сэтгэл ханамжтай байхад туслах боломжтой.

-Бэлгийн харилцаа гэдэг хүн бүхний мэддэг сэдэв шүү дээ. Ер нь үүнд баримтлах дүрэм, журам бий юү?

-Бэлгийн харилцааг бэлгийн хавьтлаар хязгаарлаж ойлгож болохгүй.

Тиймээс бэлгийн харилцаа нь хүмүүсийн өөрөө өөртэйгөө болон бусадтай тогтоосон эрүүл харилцаан дээр үндэслэнэ. Эрүүл харилцаа гэдэг нь харилцан итгэлцэл, хүндлэл, хариуцлага дээр суурилдаг.

Өөрөөр хэлбэл, хүн бэлгийн боловсролын талаарх мэдлэг мэдээлэлтэй байж, өөрийгөө болон бусдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй. Хүмүүс энэ талаар мэддэг гэдэг ч одоо болтол ЛГБТИК хүмүүсийг гаж гэж харсан хэвээрээ л байна. Гэтэл аль 1973 онд гомосексуал бэлгийн чиг баримжааг эмгэг гэж үзэхээ больчихсон.

Хэрэв эцэг эх нь энэ талаар ямар ч ойлголтгүй бол хүүхдээ зөвөөр ойлгож, хүлээн зөвшөөрч чадахгүй. Ер нь бэлгийн цөөнх өсвөр насны хүүхдийн амиа хорлох эрсдэл долоо дахин өндөр байдаг гэсэн судалгаа бий. Энэ нь ихэвчлэн эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс хүүхдээ зөвөөр ойлгож аваагүйтэй шууд холбоотой.

Сексийн хувьсгал нь эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүд секс объект биш, секс субъект гэдгийг ойлгуулах зорилготой байсан. Энэ одоо ч үргэлжилсээр байна.

Бэлгийн дарамт яагаад өнөөдөр хүртэл асуудал хэвээр байгаа нь үргэлжилсээр байх ёстойг харуулж байна.

-Ер нь монголчуудын бэлгийн чиг хандлага өөрчлөгдөөд байна уу. Хуучин эрэгтэй нь самбаачилдаг байсан бол одоо эмэгтэй нь илүү санаачилга гаргадаг ч юм уу?

-Өмнөх асуулттай утга санааны хувьд холбогдоно. Эмэгтэйчүүд ч мөн бэлгийн дур хүсэлтэй, тиймээс түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Эрэгтэй, эмэгтэй байхаас шалтгаалж нэг ижил зан үйлийг өөрөөр харж, шүүдэг.

Яг л өөрөө машин барьж явах гарцгүй газраар гүйж буй явган зорчигчдыг хараагаад, өөрөө явган явах үедээ гарцаар гүйдэгтэй адилхан. Жишээ нь, эмэгтэй хүн илүү санаачилгатай байвал явдалтай, хормой султай гэх мэтчилэн муу хэлдэг. Нөгөө талаас, эмэгтэйчүүдийн эрхийг хүндлээд ирэх үед эрэгтэй нь дандаа санаачилга гаргах ёстой гэсэн үзлээс салж байгаа нь харилцаа харилцан эрх тэгш болж буйг харуулж байна.

Гэхдээ нэмж хэлэхэд бэлгийн харилцаа гэхээр зөвхөн эр, эмийн хоорондын асуудал гэдэг ойлголтоосоо салах цаг болсон.

Бид нар хэрэглэдэг нэр томьёогоо өргөтгөж, илүү олон хүмүүсийг хамруулах хэрэгтэй. Гей хос, Лесбиян болон Күийр хүмүүсийн тухай ч ярих хэрэгтэй. Жишээ нь, аз жаргалтай гэр бүл гэхээр ганцхан эрэгтэй, эмэгтэй хүмүүсээр бид нар төсөөлсөн хэвээр байна.

-Хосуудын бэлгийн харилцаа хөндийрөх нь ямар үр дагавартай вэ?

-Бэлгийн харилцаа хөндийрөх нь харилцаанд ямар нэгэн асуудал байгаатай холбоотой байж болно. Ийм тохиолдолд нээлттэй ярилцах нь зүйтэй.

Эсвэл хосын аль нэг нь эсвэл хоёулаа ажил, сургууль гэх мэт хувийн болон бусад асуудлаасаа болоод стресстэй байж болно. Аль ч тохиолдолд энэ талаар нээлттэй ярилцах нь зүйтэй. Ер нь хүн бэлгийн харилцаанд заавал тогтмол орох ёстой гэсэн зүйл байхгүй.

Тухайн хүний онцлог, хэрэгцээнээс шалтгаална. Ялангуяа залуу хүмүүсийн дунд бэлгийн харилцаанд эрт орох ёстой, бэлгийн идэвхтэй байх ёстой, олон хамтрагчтай байх ёстой үгүй бол азгүй амьтан гэсэн ойлголт байдаг. Энэ тал дээр бие биедээ гайхуулах, эсвэл яарах шаардлага ерөөсөө байхгүй. Орохгүй байснаараа бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт, өөрийнхөө болон бусдын сэтгэлийг сэвтүүлэх гэх мэт олон эрсдэлээс зайлсхийх боломжтой.

Мэдээж хэрэгцээ байгаа ч нөхцөл байдлын улмаас боломжгүй тохиолдолд гар хангалга хийх боломжтой. Гар хангалга хийх нь хүн өөрийн бие махбодыг таньж авах, бие махбодтойгоо холбоо тогтооход тустай. Мэдээж насаараа гар хангалга хийнэ гэсэн үг бас биш.

Гол хэлэх гэсэн санаа нь хүн сэтгэл санааны хувьд ойлголцдог, сэтгэл татагддаг, итгэл, хүндлэл хүлээсэн хүнтэйгээ бэлгийн харилцаанд орох нь бэлгийн харилцааг илүү утга учиртай, сэтгэл ханамжтай болгоно. Үгүй бол хүн өөрийгөө ч, бусдыг ч нэг удаагийн амны хаалт шиг л үнэ цэнэгүй зүйл болгож орхино.

-Бэлгийн харилцаанд орохын давуу талын тухай ярихгүй юу?

-Бэлгийн харилцаанд тогтмол орох нь эндорфин болон окситоциныг ялгаруулдаг. Эдгээрийг аз жаргалын гормон гэж бас хэлдэг ба стресс тайлах, түгшүүрийг багасгахад тустай. Тогтмол бэлгийн харилцаа нь мөн дархлааг дэмждэг, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг гэсэн судалгаа бий.

Хосуудын хувьд тогтмол бэлгийн харилцаанд орох нь бие биетэйгээ илүү ойр дотно болоход сайнаар нөлөөлдөг.

Бэлгийн харилцаанд орохгүй байх үеийн давуу талд нэмж хэлэхэд хүн өөрөө өөрийгөө илүү сайн таньж авах, өөртэйгөө эрүүл холбоо тогтооход тустай.

-Хуучин бэлгийн харилцаа гэдгийг ариун зүйл гэж ойлгож ярьдаг байсан. Одоо бол массаж хийхтэй л адилхан болчихоод байна УУ даа?

-Хуучин ариун байсан гэж шууд хэлэхэд ямар баримтан дээр үндэслэж буйгаас шалтгаална.

Өнөөдөр хүний эрхийн асуудлыг илүү сайн мэддэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хурдан тархдаг болсон учраас бид нар энэ асуудлаар илүү нээлттэй ярьж чаддаг болсон. Тиймээс өмнө нь бид нар хүчирхийлэл, бэлгийн замын өвчний талаар тодорхой мэдээлэл олж сонсож байгаагүй нь тус асуудал байхгүй байсан гэсэн үг биш.

-Сүүлийн үед япончууд цахим хэрэглээг чухалчлах болсноос үүдэн 30-40 насныхан сексээс уйдаж, гэрлэлт цөөрөх хандлагатай болсон. Гэтэл үр удмаа үлдээх нь байгалийн жам шүү дээ?

-Ганц Япон ч гэлтгүй залуучуудын гэрлэх нас оройтож байгаа, Америкт гэхэд л таван эмэгтэй тутмын нэг нь гэрлэхгүй гэсэн тооцоо байдаг. Хүмүүсийн сурах хугацаа уртассан, эмэгтэйчүүд карьер, эсвэл гэр бүл үү гэдгээ сонгох ёстой хэвээрээ байгаа.

Японы хувьд гэр бүлтэй болоод хүүхэд гаргасны дараа эмэгтэйчүүдийнх нь 70 хувь нь ажлаасаа гардаг. Ажлын байрны баталгаа муу болсон, хувь хүний эрх чөлөөг илүү дээдэлдэг болсон зэрэг олон шалтгаанаар хойшилж байгаа. Хэдийгээр үр удмаа үлдээх нь байгалийн жам боловч хүн бүхэн заавал үр удмаа үлдээх ёстой гэсэн хууль байхгүй.

-Биеэ үнэлэлт гэдэг нийгэмд байх ёстой зүйл гэж ихэнх либерал судлаачид үздэг. Энэ хэр ортой вэ. Ер нь тас хорих нь сөрөг нөлөөтэй юү?

-Эрэлт байж нийлүүлэлт байдаг гэдэг. Биеэ үнэлэгч гэж харааж зүхэх мөртлөө тэднээс үйлчилгээ авч буй хүмүүсийн талаар дуугүй өнгөрдөг. Мөн биеэ үнэлэлтийг хүний наймаа, эсвэл бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй хольж хутгаж ойлгодог.

Насанд хүрсэн хүмүүс харилцан зөвшилцсөн тохиолдолд яагаад болохгүй гэж. Тас хорих нь олон сөрөг нөлөөтэй. Биеэ үнэлж буй хүмүүс эрх нь зөрчигдөх үед тэд хэнд хандахаа мэддэггүй. Тиймээс тэд л хохирч үлддэг. Энэ эмзэг байдлыг нь ашиглан зуучилж мөнгө олдог хүмүүсийн эрхэнд байдаг учраас тэд ядуу, өвчтэй үлддэг.

Цаашилбал, БЗХӨ нь бусдад тархах мөн эрсдэлтэй.

Хэрэв эрхийг нь хамгаалж хуульчилж өгвөл эрүүл мэнд, амь насаа хамгаалуулах боломжтой. Дурлаж биеэ үнэлдэг хүн ховор. Үнэндээ тэднийг гэх хэн ч байдаггүй, хүний ёсоор харилцдаггүй, юм л бол дээрэлхэж баривчилж шийтгэдэг. Харин ч сэтгэл зүйн туслалцаа, сургалтад хамруулснаар арай өөрөөр амьдрах боломжтой болно. Барьж шийтгэснээр асуудлыг шийдэхгүй.

-Бэлгийн боловсролыг хэдэн наснаас өгөх ёстой вэ?

-Хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлэн зааж өгөх боломжтой. Хүүхэд цэцэрлэгээс эхлэн нийгмийн харилцаанд оролцдог. Бэлгийн боловсрол бие махбодоо танин мэдэхээс эхэлдэг.

-Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярих нь тун ховор байдаг шүү дээ. Ер нь бэлгийн боловсролыг хэрхэн системтэй олговол зүйтэй вэ?

-Цэцэрлэгийн наснаас өсвөр насыг дуустал системтэйгээр боловсролын хөтөлбөрт оруулах боломжтой.

-Бэлгийн зан үйлд цээрлэх ёсон бий. Гэтэл Ойрх Дорнод, Дундад Ази, Европчууд үеэлтэйгээ суудаг гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Бэлгийн зан үйлд цээрлэх ёсон гэж бий. Ингэж цээрлээгүйн улмаас оюуны хомсдолтой, эсвэл ямар нэг удамшлын өвчтэй хүүхэд төрдөг. Ер нь бол их хэмжээний эд хөрөнгөтэй байх, эсвэл ёс уламжлалаа хадгалах зэрэг зорилгоор хүмүүс хамаатан садан дотроо гэрлэх хандлагатай байдаг гэдэг юм байна лээ.

Хамаатан саднаа таньж мэдээгүйн улмаас санамсаргүй байдлаар хоорондоо гэрлэх, хүүхэдтэй болох тохиолдол манайд мөн байгаа. Оюуны хомсдол ба цус ойртолтын тухай судалгаа ч манайд хийгдсэн байна лээ.

Зураг