Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдэд 141 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үзүүлж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 5 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал оролцож, эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээ, бэлэн байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш нийт 6,235 иргэнийг бид тусгаарлан ажиглажээ. Өнөөдрийн байдлаар тусгаарлан ажиглах байранд 982 иргэн байна. 

Тэдгээр иргэний дунд тав хүртэлх насны 49-н хүүхэд, жирэмсэн 40 эмэгтэй, хорт хавдартай зургаан иргэн, зүрх судасны эмгэгтэй болоод чихрийн шижинтэй 50 гаруй иргэн байгаа юм. Мөн тэдний сахиур болох 12 хүн хамт тусгаарлагдсан байна.

Цэргийн төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт гурван хүн эмчлэгдэж буй. Тэднээс нэг нь хавдартай иргэн бол хоёр нь мэс заслын шархтай хүн байна. Одоогоор биеийн байдал нь тогтвортой байгаа.

Түүнчлэн улсын хэмжээнд тусгаарлалтад байгаа иргэдтэй нийт 141 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамт тусгаарлагдан, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 450 иргэн гэртээ тусгаарлагдаж байгаа.

Улсын хэмжээнд эмнэлгийн бусад тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна. Тухайлбал, Түргэн тусламжийн төв улсын хэмжээнд хоногт 1,800 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй.

COVID-19 халдвартай холбоотойгоор зохион байгуулалт болон эмнэлгийн тусламж үйлчилгээ, тархвар зүйн чиглэлээр гарсан тушаал, заавар, зөвлөмжийн 2,500 ширхэг эмхэтгэлийг бид хэвлүүлж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүргэсэн.

Мөн халдварын сэргийлэлттэй холбоотой гарын авлагыг хэвлэж, түгээсэн" гэв.

Үргэлжлүүлэн "Бид уушги, зүрх судас болон бусад мэргэжлийн чиглэлээр ажиллаж буй сувилагч нарыг эрчимт эмчилгээний чиглэлээр богино хугацаанд сургах ажлыг Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл, бид эрчимт эмчилгээний сувилагчдын тоог нэмэгдүүлэх бүх бололцоот арга хэмжээг явуулж байгаа. 

Мөн бүх сувилагчийг, тэр дундаа лабораторийн чиглэлээр ажилладаг сувилагч нарт сорьц авах арга барилд дадлагажуулах сургалтыг зохион байгуулж буй.

Аймгуудад Эрүүл мэндийн сайдын тушаалаар олгогдсон бүх тоног төхөөрөмжийг суурилуулан бэлэн байдлыг хангасан.

Цаашид гурван удаагийн нислэгээр ОХУ-д сурч буй сонсогчид болон Истанбул-Улаанбаатарын чиглэлээр Турк улсад байгаа иргэдээ авчрах үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон.

Дараа нь Энэтхэг улс болон Алтанбулагийн хилээр ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагааны бэлэн байдлыг эрүүл мэндийн байгууллагынхан хангасан.

Хэрэв COVID-19 халдвар хүн амын дунд тархсан тохиолдолд гарах хүндрэлүүдээс сэргийлэх чиглэлээр амьсгал дэмжих тоног төхөөрөмжүүд, эм, эмнэлгийн хэрэгслүүдийг ДЭМБ-аас гаргасан аргачлалаар тооцоолон нөөцөлсөн" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2558487661134958/?v=2558487661134958

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.