Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хот байгуулах төслийг УИХ хэлэлцэхээр боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Хот байгуулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Аэросити, Майдар хотуудыг байгуулахтай холбогдуулан Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хэрэгцээ, шаардлагагыг тандан судалж дээрх тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлээд, хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн байна.

Их сургуулиудын кампус байгуулан, нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа

Шинээр байгуулагдах хотын иргэд төрийн үйлчилгээг өөр сумаас очиж авахгүй, хот нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн чиг үүргүүдийг өөртөө шингээсэн байдлаар хөгжинө хэмээн төлөвлөж байгаа бөгөөд эдгээр шийдвэрийг хэзээ гаргах талаар Х.Нямбаатар гишүүн ажлын хэсгээс тодруулахад "Одоогоор төлөвлөгөө, ТЭЗҮ болон холбогдох судалгаанууд хийгдэж байгаа" гэв.

Аэросити гэдэг нэршлийг монгол болгох асуудлаар Д.Лүндээжанцан гишүүн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн А.Ундраа эдгээр хотын төлөвлөлтийг хийхдээ, хэдэн жилийн өмнө Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос АНУ-ын Хойд Каролина муж дахь “Research triangle park” технологийн төвийн судалгааг хийж байсныг ашиглах боломж байгааг хэллээ. 

Хот байгуулах ажил бол маш урт хугацаанд, цогц төлөвлөлтийн үр дүнд хийгдэх бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажлыг 4 үе шатад хуваажээ. Богд хан төмөр замтай холбоотой ажил “бүтээн байгуулалт 2” үе шат буюу 2028-2031 онд хийгдэхээр төлөвлөгджээ.

Тус төлөвлөгөөнд өндөр технологийн төвүүдийг байгуулах асуудлыг тусгаж, их сургуулиудын кампус байгуулан, нүүлгэн шилжүүлэх асуудлыг судалж байгаа юм байна.

Аэросити нь 34,000 оршин суугчтай байхаар төлөвлөжээ

Аэроситигийн ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар баталж, хэсэгчилсэн төлөвлөгөөнүүдийг боловсруулах санхүүгийн асуудлыг шийдүүлээд, компаниуд судалгаа хийгээд эхэлжээ.

Майдар хотын төлөвлөгөө хийгдээгүй байгаа ч Зуунмод, Аэросити, Майдар хот гэсэн гурвал дээр төлөвлөлт хийгдэх юм байна. Аэросити нь 34,000 оршин суугчтай байхаар төлөвлөжээ.

Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Энхболд нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжив. Иймд “Хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

ТАНИЛЦУУЛГА: