Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: “Майдар эко хот” төслийн талбайд Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавигдлаа

ikon.mn
2019 оны 5 сарын 7
iKon.MN

Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө.

Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Дараа нь Ардын жүжигчин Н.Сувд, Монгол кино үйлдвэрийн захирал Ж.Солонго, найруулагч Г.Жигжидсүрэн болон Монгол Улсад ирсэн Холливудын жүжигчин, найруулагч нарын хамтаар шав тавих ёслолд оролцлоо.

Майдар хотод 50 га талбайг хамарсан 9 студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг авалтын талбай, агуулах, оффиссоос бүрдсэн, орчин үеийн стандартад нийцсэн Монголын анхны кино үйлдвэрлэлийн цогцолбор болно.

Цогцолбор нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд гадаад дотоодын кино урлагийн мэргэжилтнүүдийн уулзаж, хамтран ажилладаг гол төв болно гэж үзэж байна.

Уг цогцолборт дуутай оруулалттай, дуу оруулалтгүй кино зураг авч, зураг авалтын дараах бүх төрлийн боловсруулалтын ажлуудыг орчин үеийн тоног төхөөрөмж, технологиор гүйцэтгэх боломжтой болно. Мөн зураг авалтын үед гадаад болон дотоод талбайд ашиглагдах бүх төрлийн эд хэрэгслүүдийг үйлдвэрлэх цех, кино зурагт хэрэглэх бүх төрлийн эд зүйлсийг стандартын шаардлагад нийцсэн орчинд хадгалах агуулахтай байх юм.

Төслийг санаачлагчид энэхүү кино студи нь дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах, хотын болон байгалийн, уламжлалт соёл ахуйг харуулсан гэх мэт бүх төрлийн зураг авалт хийх боломжтой хэмээн үзжээ.

 

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба