Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистанд явагдсан коронавирусээс урьдчилан сэргийлэх сургалтад манай үүрэг гүйцэтгэгчид оролцлоо

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний XI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн оролцжээ.

Тодруулбал, манай үүрэг гүйцэтгэгчид ХБНГУ, Бельгийн Вант улсын сургагч багш нартай хамтран “Амьд гарах арга ухаан” болон Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар тус тус сургалт, дадлагуудыг ажиллагааны газарт зохион байгуулж, харилцан туршлага солилцов.

 

Амьд гарах арга ухааны сургалтаар говь хээрийн бүсэд оромж барих, гал гаргах, ус олох, олс зангилгаа зангидах, байр зүйн баримжаалал хийх, тактикийн татан гаргалт хийх зэрэг сургалтыг онол, дадлагаар хийж гүйцэтгэв.

Дэлхий дахинд цар тахал хэлбэрээр тархаад буй шинэ коронавирусийн халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгаалал, аюулгүй байдлын талаар бие бүрэлдэхүүнтэй “Мармал” баазын эрүүл мэнд, эрүүл ахуйн эмч, ХБНГУ-ын II шатлалын эмнэлгийн эрүүл ахуйч эмч, цэргийн багийн эмч нарын хамтарсан сургалт, дадлагыг зохион байгууллаа.

 

Түүнчлэн ДЭМБ, Монгол Улсын Эрүүл мэндийн яам, ЗХЖШ-ын эрүүл мэндийн хэлтсээс боловсруулан гаргасан заавар зөвлөмжүүдийг үндэслэн урьдчилан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн дотоод нөөц бололцоогоо ашиглан амны хаалт, нөмрөг оёж, өдөр тутмын үйл ажиллагаа болон үүрэг гүйцэтгэлтэд ашиглаж байна.

 

Эх сурвалж: Зэвсэгт Хүчний Жанжин Штаб