Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Сүүлийн өдрүүдэд ОХУ, Казахстан зэрэг улсад коронавирусийн халдварын тархалт хамгийн өндөр байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд COVID-19 халдварын эсрэг ямар арга хэмжээ авч буй талаар мэдээлэл өглөө.

Дэлхийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар 3.1 сая хүн шинэ коронавирусийн халдвар авч, нийт 224,000 гаруй хүн эндээд байна.

Халдварын тохиолдлын тооны хувьд АНУ-д 1 сая гаруй хүн бүртгэгдэж, хамгийн өндөрт тооцогдож байгаа бол Испани, Итали, ХБНГУ, Франц, Турк, Их Британи, ОХУ, Иран, БНХАУ, Бразил, Канад зэрэг улс удаалж байна.

Нас баралт:

  • АНУ-д - 59,000 гаруй
  • Италид- 27,000 гаруй
  • Их Британид - 26,000
  • Испанид - 24,000
  • Францад - 23,000 гаруй бүртгэгджээ.

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт хамгийн өндөр байгаа улсууд:

  1. Бразил
  2. Беларусь
  3. ОХУ
  4. Украин
  5. Казахстан

Бразил

Бразил улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,276 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус улсын нийт тохиолдлын тоо 78,162 болж, нийт нас баралт 5,446 болсон байна.

Турк

БНТурк улсад сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд 19,000 гаруй халдвар, 733 нас баралт нэмэгджээ.

ОХУ

ОХУ-д сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд шинэ тохиолдол 41,000 гаруйгаар, нас баралт 459-өөр нэмэгджээ. Өчигдөр гэхэд шинэ тохиолдлын тоо 5,141-ээр нэмэгдсэн бол 108 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

Тус улсын хүн амын тоог өвчлөлийн тоотой харьцуулбал нас баралтын түвшин харьцангуй бага буюу нэг сая хүнд ногдох нас баралтын түвшин 6.7% байна.

ОХУ-д 3 дугаар сараас мөрдөж эхлүүлсэн гадаадын зорчигчдыг өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх хилийн хоригийг дахин тодорхойгүй хугацаагаар сунгасан байна. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд "Халдварын тархалтыг хяналтдаа авч, нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар хоригийг сунгаж байна" гэж мэдэгдсэн байна. Тус улсад халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан ард иргэдийг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллага руу яаравчлан очихгүйгээр зөвхөн цахим хэлбэрээр өрхийн эмчдээ хандан зөвлөгөө авах талаар анхааруулж, энэ арга хэмжээг өргөн хүрээнд хэрэглэж байгаа юм байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/235220554249272/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.