Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид давтагдсан тоогоор 10 мянга гаруй удаа вирус судлалын шинжилгээ хийсний үр дүнд 38 тохиолдлыг илрүүлсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр COVID-19 халдварын тархвар судлалын тандалтын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө.

Цаашид Лхагва гараг бүр тус өвчний тандалт судалгааны талаар мэдээлэл өгч байх юм.

А.Амбасэлмаа “Анх COVID-19 халдвар буюу шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа БНХАУ-д бүртгэгдсэнээс хойш ДЭМБ албан ёсоор нэгдүгээр сарын 6-нд зарласан. Манай улс энэ мэдээллийг авснаас хойш дөрвөн сарын турш ажиллаж байна.

Одоогоор ХӨСҮТ-д УОК-ын Шуурхай штабын дэд ажлын алба буюу коронавирусийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, оношилж, эмчлэх үүрэг бүхий 170 орчим хүний бүрэлдэхүүнтэй тохиолдлын удирдлагын тогтолцоо 24 цагаар ажиллаж буй.

Шуурхай хариу арга хэмжээний нийт 15 баг ажиллаж байгаагийн тав нь халдвар гарсан аль нэг газарт ариутгал халдваргүйтгэл хийх үүрэгтэй бол үлдсэн 10 нь голомтод ажиллаж буй.

Бид өнгөрсөн хугацаанд хилийн боомтоор орж ирсэн нийт 4,000 орчим хүнд тандалт судалгаа хийжээ.

Тандалт судалгааг халдвар авсан эсэх болоод тархах эрсдэл ямар байгаа зэргийг маш нарийн ажилбараар хийж хүмүүсийг хаана хаана тусгаарлахаа шийддэг.

Энэ тандалтыг хийхдээ бусад байгууллагуудтайгаа хамтарч тухайн иргэний ажиллаж, амьдарч байсан газраас эхлээд судалдаг.

Дээрх хүмүүст тандалт судалгаа явуулахдаа давтагдсан тоогоор 10 мянга гаруй удаа вирус судлалын лабораторийн шинжилгээ хийсний үр дүнд халдварын 38 тохиолдлыг илрүүлжээ" гэв.

"Импортлогдож орж ирсэн COVID-19-ийн 38 тохиолдлын 19 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй"

Мөн тэрбээр "Батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д эмчлээд 9-ийг нь эрүүл болгоод гаргасан. Гаднаас ирсэн тохиолдлуудыг 1-13 хоногийн дотор халдварыг илрүүлсэн.

Энэ 38 тохиолдлоос 20 орчим нь эмнэл зүйн шинж тэмдэггүй байсан бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг нь тусгаарлалтын хугацаанд илэрч байх жишээтэй.

Нийт батлагдсан тохиолдлын 21 нь буюу дийлэнх хувь нь өвчлөлийн дунд явцтай байлаа. Хүндэвтэр явцтай зургаа, хүнд явцтай нэг хүн, маш хүнд явцтай нэг хүнийг эмчилж эдгээжээ. Бид өнөөдрийг хүртэл 300 гаруй сэжигтэй тохиолдлыг илрүүлсэн.

Сэжигтэй гэж үзсэнээс батлагдсан тохиолдол гараагүй бөгөөд тэдний 78 орчим хувь нь амьсгалын замын томуутай байсан. Мөн бид томуугийн тандалтын тогтолцоогоороо бид долоо хоногт 100-120 хүнийг шинжилж буй.

Харин гаднаас импортлогдож орж ирсэн халдварын 38 тохиолдлын 19 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй байна. Насны хувьд 11-65 насны хүмүүс бөгөөд ихэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн байна" гэсэн мэдээлэл өглөө.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2414429795324826/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.