Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хөл хорио суларсны дараа Шинэ Зеландчууд түргэн хоолны газарт хэдэн зуугаараа дугаарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Шинэ Зеланд улс энэ долоо хоногоос хорио цээрийн дэглэмээ сулруулж, зарим бизнесийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сэргээх зөвшөөрөл өгсөн юм.

Нийтдээ 400,000 орчим иргэн Даваа гарагаас ажилдаа эргэн орж байна. Нээгдэж байгаа үйлчилгээнүүд дотор түргэн хоолны газрууд багтжээ.

Сонирхолтой нь түргэн хоолны газрууд өнөөдөр өглөөний 5:00 цагаас нээгдэхэд үйлчлүүлэхээр олон зуун иргэд шөнө дундаас эхлэн дугаарласан байна.

Тус улсын хойд арлын Гизборн хотын Макдональдс рестораны автомашинтай үйлчлүүлдэг хэсэгт олон зуун машин дугаарлан зогссоноос хотын захиргаа нэмэлт замын зоицуулалт хийхэд хүрсэн байна.

Иргэд нь Фэйсбүүкт “How long’s the line at Maccas Gisborne” нэртэй групп нээж, Макдональдсын гадна дараалал ямар байгааг мэдээлдэг болжээ.

Шинэ Зеландын бусад хотуудад ч нөхцөл байдал ижил байна.

Тухайлбал Нью Плимутын түргэн хоолны газрын гадна шөнийн 3:30 цагийн үед 40 орчим машин дугаарласан байжээ.

Шинэ Зеландын засгийн газар коронавирусийн тахлыг зогсоох зорилгоор гуравдугаар сарын 26-наас эхлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон юм.

Сар гаруй хугацааны турш бургер, шарсан төмсний амтыг санасан иргэд ийнхүү түргэн хоолны газруудыг хоосолж байна.

Хорио цээрийн дэглэм үр дүнгээ өгч, өнөөөдөр Шинэ Зеландын дотоодод халдварласан тохиолдол бараг байхгүй болсон юм.

Нийт 1,122 халдварын тохиолдол бүртэтгдэж, 19 хүн нас барсны дийлэнх нь асрамжийн газрын өндөр настнууд байна.

Өчигдөр ерөнхий сайд Жасинда Ардерн сар гаруй хугацаанд хөл хорионд тэвчээртэй байсан иргэдэдээ талархал илэрхийлээд “Шинэ Зеландын дотоодод тархалт бараг зогслоо. Бид энэхүү дайнд яллаа. Тэмцэл үр дүнгээ өгч, бид хамтран ажиллаж чадлаа” гэж мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Reuters