Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-ын эрдэмтэд COVID-19-ийг үүсгэгч вирус нь 19 удаа хувьсаж, өөрчлөгдсөн байна гэж үзсэн"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 23
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.04.23/

https://www.facebook.com/iKonNews/videos/304563553884631/

Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.6 сая хүн өвчлөөд байна.

Мөн өвчний улмаас 184 мянган хүн нас барсан бол 700 гаруй мянган хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 5,262 тохиолдол нэмэгдэж, нийт 58 мянган хүн өвчилжээ.

Манай улстай хил залгаа орших Эрхүү хотод 75, Буриадад 153, Алтайн бүгд найрамдах улсад 58, Тувад 13 хүн өвчилсөн байна.

Нийт тохиолдлын 40 гаруй хувь нь Москва хотын ойр орчимд бүртгэгдсэн бөгөөд тархвар судлалын хувьд, 43 хувь нь хөнгөн, балархай хэлбэрээр өвчилж байгаа учир нян тээгчээс халдвар их тархаж байгаа гэж үзэж байна.

Мөн тус улсын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд ихэвчлэн балархай хэлбэрээр өвчилж вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна. Тиймээс хүүхдүүд томчуудад халдвар тараах эх уурхай нь болж байна гэж дүгнэжээ.

БНХАУ-ын эрдэмтэд, COVID-19 өвчнийг үүсгэгч SARS-2-т судалгаа хийж, 30 омог байна хэмээн үзсэн байна. Мөн хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын Нью-Йорк хотод тархсан байгаа аж.

Мөн судалгаагаар уг вирус нь 19 удаа хувьсаж, өөрчлөлтөд орсон байна гэж үзсэн байна. Энэ вирус маш эрчтэй тархаж, хувьсан өөрчлөгдсөөр байгаа учраас өөрт нь тохирсон эм, вакцин хийхэд нэлээд хүндрэл гарч болзошгүй байгааг анхааруулжээ.

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар ажиглалтад 1,249 хүн байгаа бөгөөд өчигдөр 36 хүн шинээр ажиглалтад орж, есөн хүн тусгаарлалтаас гарчээ.

Түүнчлэн 119 дугаарын утсанд ирсэн дуудлагын ихэнх хувь нь банк, үйлчилгээний байгууллагууд 1.5 метрээс хол зайтай зогсоохгүй байгаа талаар гомдол мэдээлэл өгсөн байна.

Тиймээс үйлчилгээний газрууд энэ тал дээр анхаарахыг сануулж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.