Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн нөхцөл байдлыг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориог цуцлах, сулруулах нь дахин сэргэхэд хүргэж болзошгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны ээлжит мэдээллээр дэлхийн улс орнуудын коронавирусийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Мягмар гарагт Япон улсад 390 тохиолдол, 20 нас баралт шинээр бүртгэгджээ. Нас баралтын хувь 1.67 болсон байна.

Халдварын тархалт өндөртэй байгаа 10 гаруй улсын иргэд болон тэдгээр улсад зорчсон түүхтэй гадаадын иргэдийг Япон улс өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх хориг нэмж тавих шийдвэр гаргажээ. Уг хоригт ОХУ, Беларусь, Катар, Арабын нэгдсэн Эмират зэрэг улс багтаж байна.

Өмнө нь гадаадын 73 улсыг уг хоригт хамруулж байв.

Сингапур улсад сүүлийн хоногийн хугацаанд 3,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.  Гадаадын цагаач ажилчдын дотуур байруудад халдвар голомтлон бий болсноос тархалт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан тус сургууль, цэцэрлэг, ААН-үүдийн үйл ажиллагааг түр зогсоож,, гэрээсээ гарахгүй байх хөл хорионы арга хэмжээнүүдээ 6 дугаар сарын 1-н хүртэл сунгах болсон талаар тус улсын Ерөнхий сайд мэдэгдсэн байна.

Халдвар анх дэгдэж эхэлж байх үед Сингапур улс тархалтыг хязгаарлаж, хяналтдаа авч чадсан амжилтаараа дэлхийн бусад улсуудад жишиг болж байсан ч харамсалтай нь хоёр дахь давалгаа гарч халдвар авсан хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар тус улсад нийт 9,000 гаруй хүн халдвар авсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь цагаач ажилчдын байруудад гарсан кластер буюу голомтот халдваруудтай холбоотой байна.

Сингапур улсын шинэ халдваруудын тархвар зүйг судалж үзэхэд гадаадын нэг цагаач ажилчин анх хоёрдугаар сард халдвар авсан ба түүний ойрын хавьтлын 19 хүнд шинжилгээ хийсэн боловч бусад дотуур байруудад үргэлжлүүлэн шинжилгээ хийх явц удаан байснаас халдвар тархах нөхцөл бүрдсэн гэж үзжээ.

Цагаач ажилчдын нийт 43 дотуур байр байгаагийн талаас илүүд нь халдвар голомтлон гарсан тул 18 байрыг бүрэн тусгаарлаж, хүмүүсийг нь карантинд оруулсан байна.

Хүмүүс хоорондоо зайтай байж, зайнаас харилцах хэв маягаа өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгох шаардлагатай

Өчигдөр ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Бүсийн захирал Такэши Касай хэвлэлийн хурал хийсэн. Энэ үеэрээ "Бүсийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, хариу арга хэмжээ авах чадавх харилцан адилгүй байгаа ч гэсэн Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад халдвар улам нэмэгдэж байгааг бид харж байна. 

Бүсийн улс орнууд хөл хорио тогтооход амаргүй шийдвэрүүдийг өмнө нь гаргасан. Эдгээр шийдвэр нь халдварын тархалтыг удаашруулах, бууруулахад үр дүнтэй байсан. Үүний зэрэгцээ эдийн засагт ч их хэмжээний нөлөө үзүүлж байна. 

Өнөөдөр улс орнууд хязгаарлалтын арга хэмжээг цуцлах, үргэлжлүүлэх, сунгах гэх мэт амаргүй шийдвэрүүдийг гаргаж эхэлж байна. Халдварын нөхцөл байдлыг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориог цуцлах, сулруулах нь өвчлөлийг дахин сэргэхэд хүргэж болзошгүй тул үе шаттайгаар аажмаар сулруулах нь зүйтэй.

Цаашдаа халдварын эсрэг вакцин болон үр дүнтэй эмчилгээний технологи бий болоогүй цагт хүмүүс хоорондоо зайтай байж, зайнаас харилцах хэв маягаа өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгох шаардлагатай" гэж анхааруулжээ.

Өнөөдрийн байдлаар манай бүсийн 22 улс нутаг дэвсгэрт халдвар гарсан бөгөөд COVID-19-өөр 130,000 гаруй хүн өвчилж, 5,600 гаруй хүн эндсэн байна" хэмээн мэдээллээ.

https://www.facebook.com/iKonNews/videos/228990308381174/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.