Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн судалгаанд туршигдаж буй дөрвөн эм нь эбола, үе мөчний эмгэг, ДОХ, хумхаа өвчний үед хэрэглэгддэг"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн нарийн бичгийн дарга н.Оюунсүрэн оролцож, COVID-19 халдварын дэлхий дахинд хийгдэж буй судалгаа шинжилгээг танилцууллаа.

Тус зөвлөлөөс Баасан гараг бүр COVID-19 халдварын талаар дэлхий дахины судалгаа шинжилгээний тоймыг хүргэх аж.

н.Оюунсүрэн хэлэхдээ "Хүн амны эрүүл мэндийг хамгаалахын тулд дэлхийн эрдэмтэд COVID-19-ийг судалж, туршлага солилцож буй. Үүнд Монгол Улс нэгдсэн бөгөөд манай улсын бүх эрдэмтэн болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд бусад улсын эрдэмтэдтэй байнга туршлагаа хуваалцаж байна.  

ДЭМБ-ын уриалга санаачилгаар дэлхийн 90 гаруй улсад вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эм гаргаж авах судалгааны ажлыг эхлүүлсэн.

Эм бүтээх судалгаа олон жилийг шаарддаг ч эмнэл зүйн туршлага, судалгаанд дэлхийн эрдэмтэд нэг зорилго, санааны дор нэгдэн ажилласнаар тус судалгааны ажлыг 80 хувиар богиносгох боломж бүрдээд байна.

Судалгаанд туршигдаж буй дөрвөн эм нь вирусээр үүсгэгддэг эбола, ДОХ, хумхаа, үе мөчний эмгэг зэрэг өвчний үед хэрэглэгдэж буй үр дүн өндөртэй эмүүд байгаа юм.

Түүнчлэн дэлхийн 70 гаруй эрдэм шинжилгээний хүрээлэнд өнөөдөр вакцины туршилтууд хийгдэж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Мөн тэрбээр "Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвартай холбоотой 6,000 гаруй тойм хэвлэл нийтлэгджээ. Үүнээс 1,700 гаруй хэвлэл өгүүлэл нь эрдэм шинжилгээ, судалгаатай холбоотой байна.

Дэлхийн эрдэмтэд вирус судлал, вакцин судлал, эмчилгээ оношилгоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр түлхүү судалгаа, шинжилгээ хийжээ.

Цар тахлын эсрэг дэлхий даяараа тэмцэх нэг арга зам бол шинжлэх ухаан юм. 

Манай улсад COVID-19 халдварын эсрэг өнөөдрийг хүртэл авч буй арга хэмжээ нотолгоо, судалгаанд суурилсан бөгөөд оношилгоо эмчилгээ болон эрсдлийг үнэлэх, тархвар зүйн тандалтын чиглэлээр манай эрдэмтэд баг болон ажиллаж буй.

Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь дэлхий дахинд COVID-19 халдварын эсрэг хийгдэж буй эм, вакцины туршилт болон оношилгоо эмчилгээний талаар гарсан үр дүнг долоо хоног бүр тоймлон танилцуулж байх болно" гэдгийг нэмж хэлэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/163837231556333/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.