Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Эсрэг биетийн тоо өсөөд, вирус тоологдохоо болиод эхэлбэл бие эдгэжээ гэсэн үг

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Өчигдөр COVID-19-тэй холбоотой дуудлага хүлээн авах 119 утсаар ирсэн дуудлагын 80 гаруй хувийг эзэлсэн эсрэг биетийн талаарх асуултад ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ээлжит хурлынхаа үеэр тайлбар өглөө. 

Тэрбээр "Маш энгийнээр та бүхэнд тайлбарлаж өгье. Хүний биед дархлалын систем гэх нарийн тогтолцоотой цэрэг арми ажиллаж байдаг.  

Гадны бие /вирус/ хүний биед ороод ирэхэд тэрнийхээ эсрэг дархлалын систем нь ажиллаж эсрэг биет буюу орж ирсэн вирустэй тэмцдэг цэргийг бэлтгэдэг.  Тодорхой хугацаа өнгөрсний дараа орж ирсэн вирусийн онцлогийг мэддэг, урдаас нь тэмцэх чадвартай, ганцхан тэр вируст л зориулагдсан эсрэг биет үүсээд тэмцдэг юм. Үүнийг дархлалын системийн онцлог гэнэ.  

Тэгээд коронавирус арилчихсан байхад урдаас тэмцэж байсан нөгөө эсрэг биет нь үлдчихдэг. Энэ нь коронавирус ороод гарсан гэдгийн тэмдэг гэсэн үг. Тэр цэрэг буюу эсрэг биет удаан хугацаагаар бие дотор байж болно. Вирус эргэж орж ирэхгүй гэдгийг мэдсэн цагтаа урт хугацааны дараа аажмаар алга болчихдог.

Мөн бид эсрэг биетийн хэмжээг тоолдог. Эсрэг биетийн тоо өсөөд, вирус тоологдохоо болиод эхэлбэл бие эдгэжээ гэсэн үг. Эсрэг биетийн тоо ихэсвэл хүний бие вирусийг хангалттай ялж чадна.

Тэгэхээр коронавирусийг эдгээчихлээ гэсэн таван хүн ийм учиртай.

Бидний урьдчилан сэргийлэх хамгийн шилдэг арга бол вакцин буюу дархлаажуулалт. Вакцины үйлдвэрлэл маш нарийн төвөгтэй, урт удаан хугацаа шаарддаг" хэмээв. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/163837231556333/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.