Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр Замын-Үүдээр орж ирсэн 58 хүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээ хийж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.04.17/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү шинжилгээний хариунуудыг зарлалаа.

Тэрбээр "Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүний, тандалтын 15 хүний шинжилгээ тус тус орсон.

Сэлбэ, Ивээлэн, Баянхангай, Батсүмбэр, Баянбайгаль амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дуусаж, хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг/халдваргүй/ гарсан тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

2020 оны нэгдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл 1,124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Манай улс 2004 оноос хойш АНУ-ын халдварт өвчний төвтэй хамтарч томуугийн тандалтын тогтолцоог эхлүүлсэн юм. Ингэснээр Монгол орны 156 цэгээс томуугийн шинж тэмдэг бүхий хүмүүсээс хамар, залгиурын сорьц авч шинжилгээ авдаг. Энэ дагуу нийслэлийн болон дүүргийн эмнэлгүүд, төрөлжсэн эмнэлэг буюу Улсын нэгдүгээр, гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг тандаж 120 хүний сорьц цуглуулан, PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ хийлгэж, хяналт тандалтад байна.

Замын-Үүдээр орж ирсэн 58 хүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, сорьцыг ХӨСҮТ-ийн төв лаборатори явуулсан. Эдгээр хүмүүсийг тэнд нь ажиглалтад авсан. Хятадын талаас шинжилгээ бүрэн хийгээд явуулсан байсан хүмүүсийг татаж авсан юм" гэсэн мэдээллийг өглөө.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна. Тусгай үүргийн нислэгээр болон ОХУ-аас зөөвөрлөгдөн орж ирсэн 31 батлагдсан тохиолдлоос тав нь эдгэрч эмнэлгээс гараад байгаа билээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/163837231556333/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.