Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мал эмнэлгийн хяналтын цэгүүд машинтай боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ХХААХҮЯамнаас авав.

Мал эмнэлгийн үйлчилгээний шуурхай байдлыг сайжруулах, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Төв аймгийн Лүн сум, Хэрлэнгийн гүүр, Налайх дүүргийн хяналтын цэгт автомашин гардууллаа.

Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Өнөөдөр мал эмнэлгийн үйлчилгээ, шуурхай ажлын зориулалтаар автомашин олгож байна. Мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах, эрүүл мэндийн шуурхай үйлчилгээ үзүүлэх, малын хөдөлгөөнийг хянаснаар малын хулгайтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглагдах юм. 

Корановирусийн халдвар дэлхийн дахинаа тархлаа. Энэ нь зөвхөн хүний өвчин биш гэдэг нь тогтоогдсон. Хүнээс мал амьтанд халдварлах тохиолдолд илэрч байна. Үүнээс гадна бүс нутаг, тив дамжсан өвчин халдварлах эрсдэл байдаг. 

Ялангуяа хаврын цагт нүүдлийн шувууд ирж байгаа энэ үед эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхийг огт үгүйсгэхгүй. Тиймээс манай мал эмнэлэг маш шуурхай ажиллаж, энэ бүхэнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх учиртай. 

Ийм учраас мал эмнэлгийнхээ үйлчилгээг шуурхай зохион байгуулах зорилгоор эхний ээлжид хяналтын цэгүүдэд автомашиныг олгож байна. Бүс дамжсан хөдөлгөөнийг хянана. 

Төв суурин газрууд руу орж ирж байгаа мал амьтан, хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг хянана. Өөрөөр хэлбэл төв суурин газрын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээн онцлов.

Гэрэл зургийн эх сурвалж: ХХААХҮЯ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолоор вакцингүй тайван бүс, вакцингүй хамгаалалтын тайван бүс, вакцинтай тайван бүсийг тогтоосон. 

Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг батлуулан 2018 оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжүүлэн, Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр тууврын замд, хорио цээрийн хяналтад авах журам батлагдан хэрэгжсээр байна.

Тус хууль, журмыг хэрэгжүүлэх, зорилгоор орон нутагт Булганы Уртын гүүр, Архангай аймгийн Цахир сум, Төв аймгийн Лүн, Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд хяналтын цэг ажиллаж байгаа бол нийслэлийг тойрсон Таван толгой болон Өлзийт хорооллын уулзвар, Эмээлтийн шар хөтөл, Баруун туруун, Хэрлэнгийн товчооны цэгүүдэд мал эмнэлгийн байцаагч нар 24 цагийн хяналт тавьж ажиллаж байна.

 

Эх сурвалж: ХХААХҮЯам