Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Герман, Их Британи улсуудад цар тахлын нөхцөл байдал эрс өөр байгаагийн учир шалтгаан

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр шинэ коронавирусийн цар тахал дэлхий нийтийг хамарч, бараг 2 сая хүнийг өвчлүүлж, 120,000 орчим хүний амийг аваад байна.

Европын тэргүүлэх хоёр гүрэн болох Герман, Их Британийн нөхцөл байдал өнөөдөр эрс ялгаатай байгаа нь судлаачдын анхаарлыг татаж байгаа юм. Энэ хоёр улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээг харьцуулж судалбал цаашид шинээр гарах халдварт өвчинтэй тэмцэхэд юунд анхаарвал зохих талаар чухал сургамж болно судлаачид үзэж байна.

Даваа гарагийн байдлаар Германд халдварын нийт 124,000 тохиолдол бүртгэгдэж, 3,000 орчим хүн нас бараад байв. Харьцуулбал Их Британид 85,199 тохиолдол бүртгэгдэж, 11,329 хүн нас баржээ.

Ням гарагт Германд шинээр 126 тохиолдол бүртгэгдсэн нь Британийн 697 тохиолдлоос тав дахин бага байв.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хоёр улсын нөхцөл байдал ийм ялгаатай байгаагийн гол шалтгаан нь хорио цээрийн дэглэмийг эрт хэрэгжүүлсэнд байгаа гэнэ.

Герман улс гуравдугаар сарын 16-нд хөл хорио тогтоож эхэлсэн бол Британи улсад бүх үйлчилгээний газрууд нээлттэй, амьдрал хэвийн үргэлжилж байжээ.

Эцэст нь гуравдугаар сарын 23-нд Британид хөл хорио тогтоож эхэлсэн юм.

Германд гуравдугаар сарын 13-наас сургуулиудаа хаасан бол Британид 18-ныг хүртэл нээлттэй байжээ.

Британийн ерөнхий сайд Борис Жонсон эхэндээ “тайван байж, амьдралаа хэвийн үргэлжлүүлэх” бодлого барьж, зөвхөн 70-аас дээш насны иргэдээ халдвараас хамгаалж, хүн амын эрсдэл багатай бусад хэсгийг сул хаяхаар төлөвлөж байв.

Гэвч түүний “сүргийн дархлаа” тогтоох энэ төлөвлөгөө анагаах ухааны мэргэжилтнүүдийн шаардлагаар гуравдугаар сарын 16-нд цуцлагдсан юм.

Гэсэн хэдий ч Жонсон хорио цээрийн дэглэмийг хүчлэлгүй, зөвхөн гараа угаах, өвдсөн тохиолдолд өөрийгөө тусгаарлахыг иргэдэд зөвлөж байжээ.

Энэ үед Европын ихэнх улс оронд хөл хорионы дэглэм тогтоод байв.

Өөр нэг чухал ялгаа нь оношилогооны тоо хэмжээ, цар хүрээ байлаа.

Гуравдугаар сарын дундуур Герман улс өдөрт 103,000 хүнийг оношилж байхад Британид ердөө 5,000-ыг оношилж чадаж байжээ.

Аль болох олон хүнийг оношилж, халдварын тохиолдлуудыг эрт илрүүлэх нь коронавирусийн тахалтай тэмцэх үр дүнтэй арга гэж судлаачид үзэж байгаа.

Шинжлэх ухааны салбараас төрсөн улс төрч, Германы канцлерь Ангела Меркель халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хүмүүстэй гар барихаа зогсоож байгаагаа гуравдугаар сарын 3-ны өдөр зарлаж байв.

Сэтгүүлчээс улс төрч болсон Борис Жонсон яг энэ өдөр эмнэлэгт зочлохдоо бахархалтайгаар бүх хүмүүстэй гар барьж мэндчилсний дотор коронавирусийн халдвартай өвчтөнүүд байжээ.

Халдвар авсан байж болзошгүй нөхцөл байдал үүсэхэд хоёр удирдагчийн гаргасан хувь хүний хандлага хүртэл өөр байв. Эмчээс нь халдвар илэрсний дараа Меркель даруй 14 хоног тусгаарлагдан эмнэлгийн хяналтад орж, дараа нь эрүүл саруул ажилдаа эргэж орсон юм.

Гэтэл Борис Жонсон гуравдугаар сарын 27-нд халдвартай нь тогтоогдсон ч үргэлжлүүлэн гэрээсээ ажилласаар өвчнөө хүндрүүлж, дөрөвдүгээр сарын 5-нд эмнэлэг хүргэгдэж, маргааш нь эрчимт эмчилгээнд шилжиж байв.

Жонсон өнгөрсөн Ням гарагт эмнэлгээс гарахдаа “үхлийн ирмэг дээр байснаа” хүлээн зөвшөөрсөн юм.

Өнөөдрийн байдлаар Британийн анагаах ухааны мэргэжилтнүүд улс орноо Европ тивд дараагийн Итали болох өндөр магадлалтай болсныг ярьж байна.

Харин Германы эрх баригчид маргааш буюу Лхагва гарагт хорио цээрийн дэглэмээ алхам алхмаар сулруулах шийдвэрээ зарлах төлөвтэй байгаа юм.

“Бид аюулаас холдсон мэт хуурамч мэдрэмжинд автаж болохгүй. Өнөөдрийг хүртэл олсон амжилтаа бид маш богино хугацаанд сүйтгэх боломжтой. Өөдрөг тоо баримтанд бид маш болгоомжтой хандах хэрэгтэй” гэж Ангела Меркель өнгөрсөн долоо хоногт ард түмэндээ хандаж хэлсэн юм.

 

Эх сурвалж: South China Morning Post