Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын ерөнхийлөгч коронавирусийн тахалтай хийх тэмцэлд армийг дайчлахад бэлэн байгаагаа мэдэгдлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрынхаа холбогдох албан тушаалтнуудтай видео хурал хийж, цар тахлын нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.

Энэ үеэр тэр хэлэхдээ “Харамсалтай нь нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж байна. Бидэнд одоогоор гайхуулах сайн мэдээ алга, санаа амар суух боломж алга” гээд нөхцөл байдал яаж ч эргэсэн, бүр хамгийн хүнд хэцүү нөхцөлд ч бүрэн бэлтгэлтэй байхыг бүх шатны албан тушаалтнуудад даалгасан байна.

Путин ойрын 2-3 долоо хоног Орос улсын хувьд шийдвэрлэх цаг хугацаа байх болно гэж анхааруулжээ.

Даваа гарагт ОХУ даяар 2,558 шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт илэрсэн хамгийн өндөр тоо байлаа. Нийтдээ тус улсад 18,328 халдварын тохиолдол бүртгэгдэж, 148 өвчтөн нас бараад байгаа юм.

Хурлын үеэр Путин эмнэлгийн ажилтнуудыг хамгаалах хэрэгслээр дутаахгүй байхыг уриалаад шаардлагатай бол батлан хамгаалах яамыг коронавирусийн тархалттай тэмцэх ажилд дайчлахад бэлэн байгаагаа мэдэгджээ.

Сүүлийн өдрүүдэд Хятад улсад Оросын талаас халдвартай иргэд олноор ирэх болсон нь Бээжингийн эрх баригчдын санааг зовоож байна.

Даваа гарагт Хятад даяар халдварын 89 тохиолдол шинээр бүртгэгдсэний 79 нь Оростой хил залгаа, зүүн хойд Хэйлунзянь мужаас илэрчээ.

Энэ мужид бүртгэгдсэн бүх тохиолдол Оросын Алс Дорнодоос эх орондоо буцаж ирсэн Хятадын иргэдээс илэрсэн юм.

Хятадын төрийн төв хэвлэл Global Times сонинд “Гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн халдварын тохиолдлуудыг хяналтаасаа алдаж, дотооддоо тараасан хамгийн сүүлчийн жишээ Орос улс боллоо. Хятад улс Оросыг коронавирусийн тахалд гүнзгий нэрвэгдсэн орон гэж үзэж байна. Тиймээс бид хяналт шалгалтаа чангатгаж, тахлын хоёр дахь давалгаа үүсэхээс сэргийлэх ёстой” гэж бичжээ.

 

Эх сурвалж: ТАСС, The Guardian