Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп коронавирусийн хэвлэлийн хурлын үеэр өөрийнхөө байгуулсан гавьяаг сурталчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Цагаан ордонд өдөр бүр АНУ дахь коронавирусийн тахлын нөхцөл байдлыг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгуулагдаж байгаа.

Даваа гарагийн хурлын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө магтсан, сонгуулийн сурталчилгаа маягийн видео дүрс үзүүлж, сэтгүүлчдийг гайхшруулжээ.

АНУ даяар 23,000 гаруй хүн Covid-19 өвчнөөр нас бараад байсан энэ өдөр үзүүлсэн видео дүрсэнд Трамп агаарын тээврийг хориглох арга хэмжээ аваагүй бол олон зуун мянган хүн нэмж амиа алдах байсан гэж тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл өнөөдөр учраад байгаа бодит хохирлыг бүдгэрүүлэх агуулгатай видео сурталчилгааг Цагаан ордонд үзүүлсэн байна.

Хэвлэлийн хурлыг шууд дамжуулж байсан телевизүүд суртал нэвтрүүлгийн видеог үзүүлж эхэлмэгц нэвтрүүлгээ түр тасалсан юм. Дараа нь сэтгүүлчид яагаад ийм видео үзүүлэх болсныг Дональд Трампаас асуухад тэр “Хүмүүс худал мэдээ, мэдээлэл хүлээн авч байгаа тул” гэж хариулсан байна.

Өөрөөр хэлбэл хэвлэлүүд түүний байгуулсан гавьяаг дарсан мэдээлэл тарааж байна гэж Трамп гомдоллосон юм.

Нэгдүгээр сарын сүүлээр Хятад улс руу хийдэг нислэгүүдээ зогсоох шийдвэр гаргасан нь маш зөв алхам болсон гэж хэлсэн Трамп “Харамсалтай нь хэвлэлүүд энэ талаар үнэн зөв мэдээлэл тараагаагүй” гэж ярьжээ.

Өчигдөр Трамп дан ганц хэвлэл мэдээллийнхэнтэй шөргөөцөлдөөгүй юм. Тэр бас АНУ даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг цуцалж, эдийн засгийг идэвхжүүлэх хугацааг өөрөө мэдэж тогтоохоо мэдэгдсэн байна.

“АНУ-ын ерөнхийлөгч ийм шийдвэрийг дангаараа гаргах бүрэн эрхтэй” гэж Трамп мэдэгджээ.

Уг асуудал Цагаан ордон болон мужуудын удирдлагуудын хооронд маргаан үүсгээд байна. АНУ-ын мужууд Цагаан ордноос хамааралгүйгээр хорио цээрийг хэзээ цуцлахаа шийдэх ёстой гэж үзэж байгаа юм. Өчигдөр тус улсын баруун эргийн Калифорни, Вашингтон, Орегон мужууд хорио цээрийг цуцлах арга хэмжээг хоорондоо уялдаатай, нэгдсэн байдлаар шийдэхээр болсноо мэдэгдсэн байна.

Зүүн эргийн Нью Йорк, Нью Жэрси, Коннектикут, Пеннсилвань, Делавар, Род Айлэнд, Массачусетс мужууд мөн хорио цээрийн дэглэмийг хэрхэн цуцлах төлөвлөгөөг хамтран боловсруулах болсноо зарлажээ. 

 

Эх сурвалж: AFP