Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Украинд гарсан ойн түймэр Чернобылийн атомын цахилгаан станцад тулж иржээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Украинд гарсан ойн түймэр Чернобылийн атомын цахилгаан станцад тулж иржээ
Sara, ikon.mn - text to speech

Украины хойд хэсэгт сүүлийн хэдэн өдрийн турш шатаж буй ойн түймэр хүрээгээ тэлсээр Чернобылийн атомын цахилгаан станцын балгасанд ойртож иржээ.

Тус бүс нутагт аялал жуулчлалын бизнес эрхэлдэг Ярослав Емельяненкогийн өгсөн мэдээллээр түймрийн гал хаягдсан хот Припятийн захад нэгэнт хүрсэн бол Чернобылийн атомын цахилгаан станцын хамгийн аюултай голомтод хоёр километр орчим зайтай ойртсон байна.

Хэрвээ Припять хот түймэрт шатвал аялал жуулчлалын нэг гол бүтээгдэхүүнээ алдах аюултайг Емельяненко мэдээлжээ. Жил бүр олон мянган жуулчин 30 гаруй жилийн өмнө хаягдсан энэ хотыг ирж үздэг юм.

Зөвхөн 2017 онд Припять хотод 70,000 гаруй жуулчин ирж байжээ. HBO компанийн “Чернобыль” цуврал зах зээлд гарсны дараа энэ тоо огцом нэмэгдсэн байна.

Чернобылийн ойролцоох түймэр анх дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн шатсан юм. Хаалттай бүсийн ойролцоо амьдардаг эрэгтэй хуурай өвс шатааж зугаацаж байгаад гал алдсан гэдэг. Түймрийн хамгийн том хэсэг нь 34,000 гектар талбайг хамарсан тухай Greenpeace байгууллагын Орос дахь салбар мэдээлжээ.

Өнөөдрийн байдлаар 300 гаруй гал сөнөөгч, арав гаруй машин техник, зургаан нисдэг тэрэг, нисэх онгоц түймрийг унтраахаар ажиллаж байна. 

1986 онд станцын дөрөвдүгээр реакторт осол гарсны улмаас Чернобылийн атомын цахилгаан станц болон ойролцоох Припять хот эзгүйрч хоцорсон юм.

Дэлбэрэлтээс үүссэн цацраг идэвхит үүл Европ тивийн ихэнх хэсэгт хүрч байв. Одоо станцаас 30 км радиус дотор хүн амьдрахыг хориглодог юм.

 

Эх сурвалж: BBC