Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн халдвар тарсан АНУ-ын тэнгисийн флотын хөлгийн нэг усан цэрэг амиа алджээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сарын сүүлээр Номхон далайд үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын тэнгисийн флотын “USS Theodore Roosevelt” нисэх онгоц тээвэрлэгч хөлөг дээр коронавирусийн халдвар тарж, ахмад нь төвөөсөө тусламж гуйж байсан билээ.

Тус хөлөг одоо Гуам арлын боомтод зогсож, халдвар авсан нийт 585 усан цэргийг арлын эмнэлгүүдэд эмчилж байгаа. Тэгвэл тэдний дотроос Covid-19 өвчтэй нэг усан цэрэг Даваа гарагт амиа алджээ. Тэр бас алба хааж байх хугацаандаа коронавирусийн халдвараар нас барсан АНУ-ын зэвсэгт хүчний анхны цэрэг болсон байна.

Хөлгийн нийт 4,000 орчим усан цэргийг Гуам аралд буулган тусгаарлаад байгаа юм.

Пентагонд тусламж хүссэн захиа бичсэн хөлгийн ахмад Брэтт Крозерыг флотын захиргаа буруу шийдвэр гаргасан шалтгаанаар албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаж байв.

Ахмадыг ажлаас нь чөлөөлсөн шийдвэр АНУ даяар маргаан үүсгэсэн юм. Зарим нь түүнийг усан цэргүүдээ аварсан баатар гэж үзэж байв. Маргаанд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүнтэй ирэх сонгуульд Ардчилсан Намаас өрсөлдөх Жо Байден нар оролцож, байр сууриа илэрхийлж байжээ. Эргэлзээтэй шийдвэр гаргасан АНУ-ын тэнгисийн флотын нарийн бичгийн дарга Томас Модли өнгөрсөн долоо хоногт өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорсон юм.

Флотын захиргаа энэ долоо хоногт хөлгийн ахмадын захиатай холбоотой хэргийг мөрдөн шалтгасан ажлын дүгнэлтээ танилцуулах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Reuters