Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛБАНК: MCS группийн “М” банкны зөвшөөрлийг судалж байгаа

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр/2020.04.13/ хуралдаж, мөнгөний бодлогын хүүг бууруулснаа зарласан билээ. 

Уг мэдээллийн дараагаар Монголбанкны удирдлагууд цаг үеийн холбогдолтой зарим асуудлын талаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

- Мөнгөний бодлогын хүүг 9 хувь болгосон ч зээлийг дэмжих эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Энэ талаар нэмэлт тайлбар өгнө үү?  

- Мөнгөний бодлогын шийдвэр нь илүү урагшаагаа харсан шийдвэр байдаг бөгөөд энэ оны төсөөлөл дээрээ үндэслэж шийдвэр гаргасан. Гуравдугаар сарын төсөөлөлтэй харьцуулахад энэ сарын төсөөллөөр мөнгөний бодлого дээр орон зай байна гэж үзээд тус шийдвэрийг гаргасан.

Тоон мэдээллээс харвал, хоёрдугаар сарын байдлаар бизнесийн зээл өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувийн өсөлттэй гарсан.

Эдийн засгийн ийм шоктой үед санхүүгийн зуучлал доголдох эрсдэл байдаг. Арилжааны банкууд зээл нийлүүлэх ёстой ч зээлдэгчийн бодит үйл ажиллагааны эрэлт хумигдсан тохиолдолд санхүүгийн зуучлал үзүүлж буй байгууллагууд зээлдэгчийн эрсдлийг өөрөөр харж эхэлдэг. Жишээ нь, борлуулалт нь цааш өсөх эсэх нь зээл гаргахгүй байх шалтгаан болдог. Үүнийг бид зээлийн тасалдал гэж нэрлэдэг. Ийм нөхцөл үүсэх эрсдэл гуравдугаар сарыг харахад үүссэн учраас бодлогын хүүг бууруулж байгаа юм.

Мөн банкуудын өрсөлдөөн одоо нэмэгдэх ёстой. Эрсдэл багатай, сайн зээлдэгчийг олж авахын тулд зах зээл дээр банкууд өрсөлдөх ёстой. Энэ нь эргээд зээлдэгчийн зээлийн нөхцөлд хүүнээс эхлээд эерэг нөлөө үзүүлэх юм.

- Эдийн засгийн өсөлтийг хэрхэн төсөөлж байна вэ?

- 2020 оны эдийн засгийн өсөлтийг гуравдугаар сарын Мөнгөний бодлогын хуралдаанаар 4.1 хувь гэж тооцоолж байсан. Энэ үеийн таамаглалыг гаргахдаа 2020 оны дөрөвдүгээр сар гараад халдварт өвчний нөхцөл байдал, ялангуяа Хятадын нөхцөл байдал гайгүй болно гэж үзсэн. Мөн хоёрдугаар улирлын сүүлийн хагаст эдийн засаг сэргэнэ гэж харж байлаа. Энэ таамаг биелсэн буюу Хятадын эдийн засаг, халдварын нөхцөл байдал сайжирсан.

Гэтэл Хятадтай харилцдаг Америк, Европт өөр нөхцөл байдал үүссэн. Тиймээс эдийн засгийн сааралт энэ оны хоёрдугаар улиралд үргэлжилнэ гэж таамгаа өөрчилсөн. Иймд 2020 оны эдийн засгийн өсөлтийг 1.8 хувь болгож бууруулсан.

2020 оны хоёрдугаар улирлын дундаж инфляцыг 4.8%, гуравдугаар улирлынх 3.8, дөрөвдүгээр улирлынх 6.6% байна гэж харж байна.

- Своп хэлцлийг сунгах талаар хэрхэн ярьж байгаа вэ?

- Монголбанкны зүгээс своп хэлцлийн гэрээг дахин гурван жилээр сунгах талаар Хятадын талтай ярьж байна.

- Ариг банканд бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотойгоор ямар өөрчлөлт гарсан бэ?

-  Ариг банканд Монголбанкнаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч зохистой засаглалыг хангах, Монголбанкны ерөнхийлөгчийн өгсөн тушаалын биелэлтийг хангахаар ажиллаж байгаа. Удахгүй үр дүн нь гарах байх.

 - MCS группийн “М” нэртэй цахим банкны зөвшөөрөл гарсан уу?

- “М” банкны зөвшөөрлийг бид судалж байгаа.