Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос маргааш 600,000 оношлуур АНУ руу илгээхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын засгийн газар маргааш буюу Мягмар гарагт АНУ руу 600,000 ширхэг коронавирусийн оношлуур илгээх болсныг Сөүлийн албаны хүн өнөөдөр мэдээлжээ.

Энэ нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хүсэлтээр нийлүүлж буй оношлуурын эхний хэсэг юм байна. Өнөөдөр АНУ-ын бүх мужид шинэ коронавирусийн халдвар эрчимтэй тарж, оношлуур, эмнэлгийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байгаа.

Гуравдугаар сарын 25-ны өдөр Дональд Трамп Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Интэй утсаар ярихдаа оношлуур нийлүүлэх хүсэлт тавьж байжээ.

АНУ-ын Холбооны Онцгой Байдлыг Удирдах Газрын нисэх онгоц маргааш оройн 10:30 цагт ачааг тээвэрлэн Сөүлээс хөөрөхөөр болсон байна.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн сард Өмнөд Солонгосын оношлуур үйлдвэрлэгч гурван компанид экспортын зөвшөөрөл урьдчилан олгожээ.

Тэдгээрийн хоёрынх нь бүтээгдэхүүн энэ удаагийн ачаанд багтаж байгаа гэнэ.

Ачааны бүх зардлыг АНУ-ын засгийн газар гаргаж байгааг албаны эх сурвалж баталжээ.

Шинэ коронавирусийн тахалд түрүүлж нэрвэгдсэн Өмнөд Солонгос, Хятад улсуудын нөхцөл байдал сайжирснаар дэлхийн бусад улс орнуудад өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлж, мэдлэг туршлагаа хуваалцдаг болоод байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-д халдварын нийт 550,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 22,000 гаруй хүн нас барсан нь дэлхийд тэргүүлэх муу үзүүлэлт болж байна.

 

Эх сурвалж: Reuters