Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Борис Жонсон: Миний хувь заяа өөрөөр эргэх ч боломжтой байлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн халдвар авсан Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өчигдөр өглөө эмнэлгээс гэртээ гарсан юм.

Тэрээр гуравдугаар сарын 27-ны өдөр халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд дараа нь 10 хоног гэртээ тусгаарлагдаж байв. Гэвч бие нь сайжрахгүй байсан тул долоо хоногийн өмнө Лондон хотын Сэнт Томас эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ.

55 настай ерөнхий сайд энд гурав хоног хэвтэхдээ хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах эмчилгээ хийлгэснийг Британийн засгийн газар мэдээлж байв. Харин амьсгалын аппаратаар эмчлүүлж байгаа гэх мэдээллийг няцаасан юм.

Эмч нар түүнийг шууд ажилдаа орж болохгүй, хэсэг хугацаанд гэртээ хэвтэхийг зөвлөсөн байна. Борис Жонсон өчигдөр твиттер хуудсандаа нийтэлсэн видео мэдэгдэлд амийг нь аварсан эмч нарт талархлаа илэрхийлжээ.

“Миний хувь заяа өөрөөр ч эргэх боломжтой байлаа” гэж хэлсэн Жонсон эмч нарт “ямар өртэй болсноо үгээр илэрхийлэх арга алга” гэж талархсан байна.

Жонсон ингэхдээ өөрийг нь эмчилсэн эмч, мэргэжилтнүүдийн нэрийг дурдаж, талархлаа илэрхийлжээ. Тэдний дотор 48 цагийн турш орных нь дэргэд сахисан хоёр сувилагчийн нэр багтсан байна. Тэдний нэг нь Шинэ Зеландаас, нөгөө нь Португалиас ирсэн сувилагч байжээ.

Их Британи улс сүүлийн өдрүүдэд Европ тив дэх цар тахлын хамгийн халуун цэг болоод байна.

Ням гарагт энэ улсад Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо 10,000 хүрсэн нь уг босгыг давсан дэлхийн тав дахь улс болгожээ. Халдварын батлагдсан тохиолдол 85,000 хүрсэн нь дэлхийд АНУ, Испани, Итали, Франц, Германы дараа орох муу үзүүлэлт болоод байна.

Их Британийн анагаах ухааны мэргэжилтнүүд тус улсыг Европ тивд дараагийн Итали болох магадлалтайг анхааруулжээ.

 

Эх сурвалж: CNN