Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Японд хөл хорио тогтоосны улмаас интернэт кафенд амьдрагчид гудамжинд гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Шинэ коронавирусийн тархалтыг сааруулах зорилгоор Япон улсын засгийн газар улс орондоо сарын хугацаатай онц байдал зарлаад байна.

Онц байдлын хүрээнд нийслэл Токио хот болон бусад зургаан засаг захиргааны бүсэд хөл хорио тогтоосон юм.

Бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад Японд орон гэргүй хүмүүсийн тоо маш бага байдаг. Гэхдээ өндөр өртөгтэй хотуудад байр худалдаж авах, турээслэх чадваргүй иргэд интернэт кафед олноороо амьдардаг байна.

Жишээ нь нийслэл Токио хотод 4,000 гаруй ийм хүн байдаг гэнэ.

Японы интернэт кафенуудад үйлчлүүлэгчид нь тус тусдаа бүхээгт сууж, нийтийн ариун цэврийн өрөө, шүршүүрт орох боломжтой байдаг.

Гэтэл хөл хорионы улмаас интернэт кафенуудын ажиллагаа зогсож, олон мянган хүн орон гэргүй болжээ. Токио хотын захиргаа гудамжинд гарсан иргэдэд зочид буудлын өрөө зэрэг бусад толгой хоргодох байруудыг түр ашиглуулах арга хэмжээ авсан байна.

Япон улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 6,748 тохиолдол бүртгэгдэж, 108 хүн нас бараад байгаа нь бусад өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад цөөнд тооцогдож байгаа юм. Гэхдээ Токио зэрэг томоохон хотуудад сүүлийн өдрүүдэд вирусийн тархалт нэмэгдсэн нь онц байдал зарлахад хүргэжээ.

 

Эх сурвалж: BBC