Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"COVID-19-ийн эсрэг хязгаарлалтыг ЦУЦЛАХ БОЛООГҮЙГ ДЭМБ-аас бүх оронд анхаарууллаа"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн халдварын тархалтыг хумихаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Түүнчлэн тэрбээр ДЭМБ-аас өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ улс орон бүрийн нөхцөл байдал харилцан адилгүй байгаа ч халдварын тархалтыг хумих зорилгоор авсан хязгаарлалтын арга хэмжээг цуцлах цаг болоогүй, хэрвээ эрт цуцалбал халдварын дэгдэлт эргэн сэргэнэ гэдгийг бүх улс оронд анхааруулсан гэдгийг уламжлав.

Түүний танилцуулсан мэдээллийг багцлан хүргэж байна.

Европ

  • COVID-19-ийн улмаас Франц улсад нас барсан хүний тоо 10 мянгыг давсан байна. Үүнээс 7,091 хүн нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 3,237 нь өндөр настны асрамжийн газарт нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн байгууллагаас мэдээлсэн. Одоогийн байдлаар 7,131 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.
  • Испани улсад өчигдөр 743 нас барсан.
  • Турк улсад халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Мягмар гарагт 3,892 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 34,000 гарсан тухай Туркийн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн. 
  • Чехийн парламентаас онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-г дуустал сунгах шийдвэр гаргасан.
  • Финландын Засгийн газраас хилийн хяналт, зорчих хөдөлгөөнтэй холбогдуулан авсан хязгаарлалтын арга хэмжээг тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл сунгалаа. 

Америк 

АНУ-ын халдварын төв болоод байгаа Нью Йорк мужид 731 хүн нас барж, нийт тохиолдлын тоо 139,000 давсан. Улсын хэмжээнд 24 цагийн хугацаанд 1,731 нас баралт бүртгэгдлээ.

Калифорни муж улсаас Нью Йорк болон бусад мужид түр хэрэглүүлэхээр амьсгалын аппаратыг илгээж байгаа талаар мэдээлсэн. 

Ази

Ухань хотод 76 хоногийн турш мөрдүүлсэн хатуу чанд хорио цээрийн дэглэмийг өнөөдрөөс цуцалж байна. Ингэснээр галт тэрэг, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг сэргээсэн. Хотын доторх зорчих хөдөлгөөнийг сэргээж байгаа нь халдвараас урьдчилан сэргийлэх, хянах бусад арга хэмжээг цуцална гэсэн үг биш бөгөөд улам эрчимжүүлэх шаардлагатайг хотын засаг захиргаанаас мэдэгдлээ. 



Коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд:

  • Гараа 20 секундийн турш сайтар савандаж угаах, гараа угаах боломжгүй үед 60-аас дээш хувийн спиртийн агууламжтай ариутгагчаар ариутгах
  • Бие биенээсээ багадаа 1-2 метрийн зайнаас харьцах
  • Амны хаалт тогтмол зүүх
  • Ханиаж, найтаахдаа амны цаас хэрэглэх гэх мэт дадал зуршлыг дагаж хэвшүүлнэ үү. Хэрэв ямар нэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл өөрийгөө гэртээ тусгаарлаж, шаардлагатай тохиолдолд түргэн тусламж дуудаж, эмнэлгийн тусламж аваарай.
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.