Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хотын даргын тайлбар ба Т.Ганболдын залруулга

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
"Алтан дорнод" ХХК-ний захирал Т.Ганболдын зургийг түүний пэйж хуудсаас, Хотын захирагч С.Амарсайханы зургийг MPA.mn-ээс авсан болно

Сүхбаатарын талбайн урд хэсэгт усан оргилуур барихаар болсныг иргэдийн дийлэнх нь дэмжихгүй, шүүмжилж байгааг бид санал асуулгаар баталгаажуулан өмнө нь мэдээлсэн билээ. Энэ тухай маргаан өнөөдрийг хүртэл цахим орчинд өрнөсөөр байна. 

Үүний нэг нь "Алтан Дорнод Монгол" ХХК-ний захирал Т.Ганболдын байр суурь юм. Тэрбээр Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгийн ажлыг дэмжих бус, нийтийн бие засах газарт шугам татаж шинэчлэх, цэвэрлэгээ, тохижилтын ажлыг даагаад хийе хэмээн жиргэсэн юм. Харин үүнийг Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан усан оргилуур барих ажлын санхүүжилтийг хувиасаа гаргах гэж байгаа мэтээр ойлгосныг дараах мэдээлэл илтгэв.

Ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байна

Учрыг тодруулбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдэээлэл хийх үеэрээ "Ажил хэрэгч санал гаргасан иргэн Т.Ганболдод талархаж байна. Сошиалаар ийм мэдээ явж байгааг харсан. Манай хэвлэлийн албаныхан ч хэлсэн. Албан ёсоор бол санал ирээгүй. 

Хүлээн авч, санал солилцох уулзалт хийхэд бэлэн. Хүндрэлтэй нөхцөл байдалд хот тохижуулалтын ажилтан албан хаагчдын хийж гүйцэтгэж буй ажлыг цаашид хэвийн үргэлжлүүлэх, хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хэнтэй нь ч хамтраад ажиллах бүрэн боломжтой. Ялангуяа, өөрийн санаачилгаар, тэр дундаа байгалийн баялгийн олон салбарт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас анх удаа Улаанбаатар хотод энэ ажлыг өөрөө хариуцаж, зардлыг нь гаргаж хийе гэсэн саналыг нь талархалтай хүлээн авч байгаа. Хуулийн хүрээнд санал солилцоход бэлэн. Аль ч талаар төсвийн хөрөнгийг хэмнэх, олон түмний оролцоог хангах, аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллах нь бидний ажлын нэг хэсэг” хэмээн хэлсэн юм. 

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/2619720191686991/UzpfSTE2Njg1MDAyNzAwMzExOTQ6MjY5MjI4MzUyNDMxOTUyNQ/

Тэрбээр фэйсбүүкийн пэйж хуудсаараа дараах мэдээллийг ч мөн гаргаад амжсан билээ.  

Т.Ганболд: Тэр 3.2 тэрбумаар маш яаралтай эмнэлэг барь

Гэтэл Хотын захирагч ийнхүү мэдээлэл хийсний дараа "Алтан Дорнод Монгол" ХХК-нийн захирал Т.Ганболд өөрийн албан ёсны твиттер хуудсандаа "Бичсэн постыг маань та мушгиж гуйвуулалгүй хүлээж авч байгаа бол маш их баярлалаа!!! Цэвэрлэж янзлаад, жорлонг чинь шаардлага стандарттай болгоод өгнөө гэсэн!! Утгагүй УСАН ОРГИЛУУР гэх мэт.  Угаалгын ажил хийж энэ цар тахлын үед бүр болохгүй. Иргэд дэмжихгүй юмыг логикгүй тайлбарлаад зүтгүүлэхээ боль! Жорлонд шугам татаж шинэчлэх, цэвэрлэгээ, тохижилтыг би даагаад иргэдтэй хийчихье. Тэр 3.2 тэрбумаар маш яаралтай эмнэлэг барь" хэмээх залруулга бичжээ.