Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Амралтын өдөр дахин нэг хүн галт тэргэнд дайруулж, амь насаа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд 230-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгдэж, ослын улмаас 4 хүн гэмтэж бэртэн, гурван хүн амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.03.28-ны өдрийн 18 цаг 21 минутын орчим Төв аймгийн Сэргэлэн сум Төмөр замын 477-р километрийн гуравдугаар зуутад ачааны галт тэргэнд 40 настай, эрэгтэй Б дайруулж, амь насаараа хохирчээ.

Өмнө нь буюу гуравдугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт мөн 50 настай иргэн галт тэргэнд дайруулж, амиа алдсан хэрэг гарч байв.

  • 2020.03.28-ны шөнийн 23 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3-р багийн нутаг дэвсгэр “Тээлийн гол” гэх газар  асфальтан зам дээр Hyundai Porter маркийн автомашин онхолдож, зорчигч 51 настай,эрэгтэй Ч амиа алджээ.
  • 2020.03.29-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим СХД-ийн 5-р хороо Баянхошууны замд Daewoo bus маркийн Ж жолоочтой автобус явган зорчигч 36 настай, эрэгтэй Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон  хэргүүдийг тус тус шалгаж байна.

Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол 8.6 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 20 хувиар тус тус буурсан бол хүний амь нас хохирсон осол 33.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Иймд нийт хөдөлгөөнд оролцогчдыг орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлахыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.