Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол ур чадвар ба мэргэжилтэй боловсон хүчин

Өдрийн сонин
2020 оны 3 сарын 26
Өдрийн сонин
Зураг зураг

Хэдийгээр улс орны хэмжээнд онцгой нөхцөл байдал үүсч бүхий л сургалтын байгууллагууд түр хугацаагаар хорио цээрийн байдалд байгаа ч цар тахлын хэмжээнд хүрээд байгаа энэ асуудал нэг өдөр дуусна, хичээл сургууль урьдын адилаар үүдээ нээнэ.

Харин тус бүртээ гэртээ хөл хөдөлгөөн хориотой байгаа энэ үедээ залуучууд хангалттай мэдээлэл авч, ирээдүйн мэргэжлээ сонгож байх учиртай. Нэг үеэ бодвол залуучууд төгсөөд ажиллах эсэх нь тодорхойгүй мэргэжлээр дээд сургуулийн диплом авах гэж суралцахаасаа илүүтэй, төгсөөд шууд ажлын байран дээр очдог мэргэжилтэй болохыг илүүд үзэх болжээ. Гэхдээ чухам ямар мэргэжлийг сонгох, ямар цаг үед аль мэргэжлийг сонгох вэ гэдэг нь өөрөө анхаарал татсан, бас стратеги шаардсан сонголт болдог.

Эдийн засаг хумигдах үед ажлын байр багасах тал байдаг ч манай улсын хувьд мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай олон салбар бий. Тэдний тоог нэмэгдүүлж, чадварлаг боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас МСҮТ-д суралцагсдын сар бүр авах тэтгэмжийг 100 мянган төгрөгөөс 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн билээ.

Мөн МСҮТ төгсөгчдийг ажлын байраар хангах зорилгоор төрөөс хөдөлмөр эрхлэлтийн албадаар зуучлуулж ажлын байртай болгох, МСҮТ төгсөөд мэргэжил, ур чадвартай болсон залуучууд өөрсдөө ажлын байраа олоход нь дэмжлэг үзүүлдэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэж байгаа ч залуус юуны өмнө өөрсдөө зах зээлийн эрэлтээ судалж, яг ямар мэргэжлээр суралцвал илүү ажлын байран дээр очихоо өөрсдөө мэдэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, яг энэ цаг завтай байх үедээ ирээдүйн мэргэжлийнхээ судалгааг хийж байвал чухал билээ. Тухайлбал, Монголд мэргэжлийн боловсон хүчин нэн шаардлагатай гурван салбар бол зам, хөдөө аж ахуй, барилга байх жишээтэй. Энэ бол нарийвчилсан судалгаагаар гаргасан салбар. Тэгээд энэ нь дотроо нарийвчлагдаад явна гэсэн үг.

Барилгын салбарт гэхэд нэн түрүүнд шаардлагатай байгаа мэргэжил засал чимэглэл, эрчим хүчний хэмнэлттэй барилгын угсрагч, барилгын цахилгаанчин, хуурай хийц усрагч гээд явна. Зам дээр угаасаа бид мэдэж байгаа. Манай замын салбарт 80 хувьд нь хятадууд ажиллаж байгаа. Замыг монголчууд барьж чаддаггүй гэсэн хэвшсэн ойлголтыг чадвартай мэргэжилтнүүд бий болж байж л өөрчилж чадна. Монгол ур чадвар ба мэргэжлийн боловсрол хавсарч байж бид өөрсдөө зах зээлээ эргүүлэн олж авч чадна. Чадамжинд суурилсан сургалтаар гараад ирсэн мэргэжилтнүүдээ ур чадварыг нь зохих түвшний дагуу үнэлүүлээд ирэхээр монгол хүн ч зам барьж чаддаг гэсэн ойлголт бидэнд суух ёстой юм.

Эрэлт ихэсэх үед боловсон хүчин бэлэн байж гэмээнэ хүссэн хэмжээгээрээ өндөр цалинтай, мэргэжлийнхээ ажлыг хийж чаддаг. Дубайн гэрээний дараахан Оюутолгойд гүнийн уурхайд ажиллах 3,000 гагнуурчин хэрэгцээтэй болоход манайд тийм боловсон хүчин байгаагүй. МСҮТ-үүд ч хангаж чадахгүй байсан. Тиймээс тэднийхэн өөр дээрээ Мэргэжил сургалтын төв нээж ажиллуулж байсныг хүмүүс санаж байгаа байх.

Нэг үеэ бодвол манайхан амьдралд нь эргээд хэзээ ч хэрэг болохгүй дипломын гол болох сонголтоос татгалзаж, мэргэжилтэй боловсон хүчин болохыг эрхэмлэх болж. Одоо үүний дараагийн шат бол судалгаанд үндэслэж, хамгийн эрэлттэй, өндөр үнэлгээтэй ажлын байранд өөрсдийгөө бэлдэж, мэргэжлээ сонгох шаардлага байна. 

 


Эх сурвалж: Өдрийн сонин

 

Зураг