Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол шиг Хятадаас эдийн засгийн ӨНДӨР ХАМААРАЛТАЙ улс одоогоор алга

Б.Ану
2020 оны 3 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимаас (МҮХАҮТ) шинэ коронавирусийн эдийн засагт учруулж буй нөлөө болоод Монгол Улсын эдийн засагт учраад буй эрсдлийг хэрхэн бууруулж болох вэ гэдэг дээр багц санал боловсруулаад байгаа билээ.

Яг одоо Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байгаа мэдээлэл байгаа юм.

МҮХАҮТ ч тус хуралдаанд оролцож өөрсдийн саналаа танилцуулж байна. Танхимаас боловсруулсан багц санал дахь Хятадын эдийн засгийн өсөлт саарах нь мөн Монгол Улс тус улсаас ямар хаамаралтай талаарх судалгааны хэсгээс хүргэж байна. 



 БНХАУ-ын эдийн засгийн өнөөгийн байдал 

Олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2020 он эцэст 5.8-6.0 хувьд хүрнэ гэж өмнө нь таамаглаж байсан. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас саяхан гаргасан дэлхийн эдийн засгийн тоймд коронавирусийн халдварын тархалтын улмаас Хятад улсын эдийн засгийн өсөлт 1.1 хувиар буурч 4.9 хувьд болно гэж таамагласан.

Хятад улсын Статистикийн байгууллагын мэдээлснээр тус улсын 2019 оны байдлаар ДНБ нь 14.4 их наяд ам долларт хүрсэн, тэгэхээр Хятад улсын эдийн засаг 1.0% буурна гэдэг нь 144,0 тэрбум ам доллар буюу дундаж хэмжээний эдийн засагтай нэг улсын ДНБ-тэй тэнцүү хэмжээний өсөлтийг алдана гэсэн үг юм.

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын төлөв байдлыг сар тутам тооцон гаргадаг тус салбарын Purchasing managers index (PMI)-ээр илэрхийлдэг. Хятад улсын статистикийн байгууллагаас гаргасан 2-р сарын тоо мэдээллээс үзвэл 2020 оны 1 сард 50.0 хувьд хүрч байсан уг индекс 2-р сарын байдлаар 35.7 хувьд хүрч, түүхэн дэх хамгийн доод түвшинд хүрчээ.

Аж үйлдвэрийн бус PMI үзүүлэлт 54.1 хувиас буурч 29.6 хувьд хүрч мөн хамгийн доод түвшинд хүрээд байна. Хятад улсын хувьд зөвхөн 1-р улиралд бус 2-р улиралд ч эдийн засгийн гол үзүүлэлтүүд бууралт, уналттай гарах төлөвтэй байна. 

Хятад улс төдийгүй дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд ихээхэн доголдол үүсч, олон оронд Хятад улстай үйлдвэрлэл, худалдааны хувьд шууд хамааралтай олон төрлийн аж үйлдвэрлэл доголдож, зогсож байна.

БНХАУ-ын гангийн аж үйлдвэрлэлийн салбарын PMI индексээс авч үзвэл, уг салбарын үзүүлэлт өнгөрсөн 2019 оны 7-р сард 47.9 хувьд, 12-р сард 44.1 хувьд хүрч байсан бол 2020 оны 2-р сарын байдлаар эрс буурч 36.6 хувьд хүрээд байна.

Мөн халдварт өвчний улмаас хил хаах, худалдааг хязгаарлах арга хэмжээ авсны улмаас Хятад улсын ган төмөрлөгийн экспорт эрс буурч, агуулах дах гангийн үлдэгдэл ихээхэн нэмэгджээ.

Ийм нөхцөлд Хятадын зарим гангийн үйлдвэрүүд ган хайлуулах зуухаа унтрааж, түр зогсолт хийж байгаа гэж мэдээлжээ. Үүнээс үзвэл тус улсын ган төмөрлөгийн үйлдвэрлэл сэргэж, хэвийн үйлдвэрлэлийн түвшинд хүртэл багагүй хугацаа буюу нэг улирал (4-6-р саруудад аажмаар сэргэх магадлалтай) шаардагдах төлөвтэй байна. 

Дэлхийн эдийн засаг "V" хэлбэрээр хурдан сэргэхгүй, сэргэлт удаан байна гэж үзжээ

Хятад улсад гарсан шинэ төрлийн вирусийн халдвар, тархалтаас хамгаалах хорио цээрийн арга хэмжээнээс шалтгаалан дэлхийн улс орнуудын эдийн засаг түүний дотор томоохон эдийн засагтай орнуудын эдийн засгийн өсөлт таамагласнаас буурна гэж олон улсын байгууллагууд, эдийн засагчид, судлаачид үзэж буй.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас 2020 оны Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог 2019 оны 11 дүгээр сард гаргаж байсан бөгөөд энэ 3 дугаар сарын урьдчилсан тооцоогоор Коронавирусийн улмаас Дэлхийн эдийн засгийн өсөлт нь 0.5 нэгж хувиар буурна гэж үзжээ.

Дэлхийн томоохон эдийн засгуудын өсөлт нь 0.1-1.1 хүртэлх нэгж хувиар буурах хандлагатай БНХАУ 0.8, БНЭУ 1.1 нэгж хувиар буурахаар байгаа бол АНУ, ХБНГУ-ын хувьд 0.1 нэгж хувиар буурах хандлагатай байна.

2008 онд тохиолдсон дэлхийн эдийн засгийн хямрал ойртож байгааг хамгийн оновчтой таамаглаж чадсан эдийн засагч Ноурель Рубини одоо үргэлжилж байгаа халдварын тархалт, үүний улмаас дэлхийн эдийн засагт учирч буй эрсдэл, уналттай холбогдуулан халдварын тархалт амар буурахгүй, багагүй цаг хугацаа шаардагдах ба Хятадын эдийн засгийн өсөлт 2020 онд 2.5-4.0%-ийн орчимд байж Төсвийн бодлогын арга хэрэгслийн үйлчлэл аажим нөлөөлж, удаан хугацааны дараа үр дүнд хүргэх тул дэлхийн эдийн засаг "V" хэлбэрээр хурдан сэргэхгүй, сэргэлт удаан байна гэж үзжээ. 

Монгол Улсын хамаарал

Далайд гарцгүй, хамгийн том эдийн засгуудын нэгтэй хиллэдэг зэрэг хүчин зүйлс нь Монголыг бусдаас хамгийн хараат эдийн засаг болгодог.

Ялангуяа бүтээгдэхүүний зах зээлийн хамаарал нь хамгийн эмзэг эдийн засаг болох гол шалтгаан болж байна. Блүүмбергийн судалгаагаар Монгол бол Хятадаас хамгийн их хамааралтай эдийн засаг бөгөөд нийт экспортын 92% нь Хятад улс руу гардгаас 90- ээс дээш хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг.

2011-2012 оны хооронд Хятадын эдийн засаг 1.4 хувиар буурахад худалдааны хориг, ялангуяа нүүрсний экспортоос шалтгаалан Монголын эдийн засаг 5.2 хувиар буурсан билээ.

График, (график дээр дарж томруулж үзнэ үү)

 
Эх сурвалж: МҮХАҮТ-ын саналаас ашиглав.

Үндэсний Статистикийн Хорооны өнгөрсөн долоо хоногт танилцуулсан мэдээллээр, оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.5 тэрбум америк доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 410.4 сая ам.доллар буюу 21.3% буураад байна. Үүнд экспорт 322.9 сая ам.доллар буюу 29.5%, импорт 10.4%-аар буурсан дүнтэй байгаа юм.

Тиймээс ч эдийн засагчид төсвийн тодотгол хийх мөн зайлшгүй шаардлагатай бусад хуулийг парламентаар хэлэлцүүлэхийг шаардаж байгаа билээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.