“Хурд” хамтлагийн санаачлагаар зохион байгуулагдсан “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө.
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд эмэгтэйчүүдэдээ зориулан, тоглолт зохион байгуулдаг "Хурд" хамтлагийнхан КОВИД-19 халдварын улмаас хөл хорио тогтоогоод байгаа тул “Монгол HD” телевиз, Онцгой байдлын ерөнхий газар хамтран цахим тоглолтыг амжилттай зохион байгуулсан юм.
Шадар сайд энэ үеэр “Хурд хурдтай байлаа. Та бүхэн урлаг соёлын салбарынхныг түүчээлэн санаачилга гаргалаа. Дуу хөгжмөөрөө, эх оронч үзлийг оргилуулан ард түмнийг дагуулж байдаг та бүхэнд их амжилт хүсье. Монгол түмэндээ, хамтрагч Монгол телевизийн хамт олонд баярлалаа” гэсэн юм.
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор зохион байгуулагдсан цахим тоглолт “Монгол” телевиз болон Онцгой байдлын ерөнхий газар, Хурд, Монгол ТВ пейж хуудсаар шууд үзэгчдэд хүрсэн юм.
Тоглолт 3 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд хандивын арга хэмжээнд 27,900 гаруй иргэн нэгдсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ, Шадар сайдын ажлын алба