Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д коронавирусийн өвчлөлөөр анхны хүн нас барлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Covid-19 вирусийн халдвар авсан анхны өвчтөн нас барсан тухай Бямба гарагт АНУ-ын засгийн газар мэдээлжээ.

Нас барсан өвчтөн нь Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байсан тухай Цагаан ордноос мэдээлсэн байна.

Энэхүү мэдэгдлийн өмнөхөн АНУ-ын Калифорни, Орегон мужуудад коронавирусийн халдвар дотоод эх үүсвэрээс тархсан хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд зарлажээ.

Өөрөөр хэлбэл халдвар авсан хүмүүс нь ойрын хугацаанд гадаад оронд аялаагүй, албан ёсоор бүртгэгдсэн халдвартай хүмүүстэй ойр байгаагүй юм байна.

Муж даяар онц байдал зарлаж, болзошгүй тахалд засаг захиргааны бүх алба нэгжүүд бэлэн байх даалгаврыг Вашингтон мужийн захирагч Жэй Инсли өгсөн байна.

Бямба гарагт АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийтдээ 62 болжээ.

Тэдгээрээс дөрвөн өвчтөний биеийн байдал хүнд байгаа бол 15 өвчтөн бүрэн эдгэрсэн тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Коронавирусийн гамшигтай тэмцэх ажлыг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс удирдахаар болсон юм.

Өчигдрөөс эхлэн АНУ нь Иранаас ирэх гадаадын иргэдэд хилийн хориг тавьж байгааг Майк Пэнс энэ үеэр зарлажээ. Сүүлийн 14 хоногийн хугацаанд Иранд зорчиж байсан түүхтэй гадаадын иргэд энэхүү хоригт хамрагдах юм.

Мөн Өмнөд Солонгос, Итали улсуудад зорчихгүй байх анхааруулгыг өөрийн иргэдэд зориулж гаргасан байна. 

Ерөнхийлөгч Дональд Трамп ойрын үед АНУ-ын эм үйлдвэрлэгч компаниудын удирдлагыг Цагаан ордонд урьж, Covid-19 вирусийн эсрэг вакциныг богино хугацаанд гаргаж авах боломжийн талаар хэлэлцэх гэж байгаагаа өчигдөр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Reuters

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.