Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн тэргүүн баячуудын нэг анх удаа iPhone-той болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн байдлаар $88.9 тэрбумын хөрөнгөтэй Уоррен Баффет манай гарагийн дөрөв дэх баян хүнд тооцогддог.

Тэрбумтнуудын жагсаалтад түүний өмнө зөвхөн Амазоны Жэф Безос, Louis Vuitton брэндийг эзэмшигч Бернар Арно, Майкрософтын Билл Гэйтс нар жагсдаг юм.

Баффет энэ долоо хоногийн эхээр CNBC сувагт ярихдаа хуучин гар утас нь бүрмөсөн эвдэрсэн тул анх удаа iPhone-той болж байгаа гэжээ.

Түүний удирддаг Berkshire Hathaway компани Apple-ийн хувьцааны 5.6 хувийг эзэмшдэг. Гэвч тэрээр олон жилийн турш Самсунгийн эвхдэг SCH-U320 гар утсыг хэрэглэж байгаа юм. 2013 онд CNN сувагт ярилцлага өгөхдөө Баффет энэ гар утсыг нь телефон холбоог зохион бүтээгч Александр Грэхэм Бэлл өгсөн юм гэж хошигнож байв.

 
Баффетын хуучин гар утас Samsung SCH-U320

Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн хүн, тэдгээрийн дотор Apple-ийн гүйцэтгэх захирал Тим Күк түүнд шинэ iPhone бэлэглэж байсан ч хуучин гар утаснаасаа салаагүй юм байна.

“Шинэ iPhone хэрэглэж сурах гэж байгаа 89 настай эрийг та нар харж байна” гэж Баффет ярилцлагынхаа үеэр хошигножээ.

Гэхдээ Баффет анх удаа Apple-ийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь энэ биш. Тэр өмнө нь хөрөнгийн зах зээлийн мэдээллийг харахдаа iPad ашигладаг гэж ярьж байжээ.

Баффетын үүсгэн байгуулсан Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын компани нь $560 тэрбумын үнэлгээтэй, АНУ-ын хамгийн том компаниудын нэг юм.

Тус компани Apple, Bank of America, Coca-Cola, American Express зэрэг томоохон компаниудын хувьцааг эзэмшдэг.

 

Эх сурвалж: CNN