Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Майкрософтоос $10 саяыг хулгайлсан экс ажилтанд ял оноожээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон компани Майкрософтод программ хангамжийн инженерээр ажиллаж байсан хүнд АНУ-ын шүүх өчигдөр 18 төрлийн ял тулгажээ.

Түүнийг компанийн өмчөөс $10 саяын хөрөнгө хулгайлсныг тогтоосон байна.

Гэмт хэрэгтэн Володимир Квашук нь 2016 оны наймдугаар сараас 2018 оны зургаадугаар сар хүртэл Майкрософтод эхлээд гэрээт ажилтнаар, сүүлдээ үндсэн ажилтнаар ажиллажээ.

Тэрээр Майкрософтын онлайн дэлгүүрийн платформыг туршиж байхдаа бэлгийн картыг олноор хулгайлж, цааш нь биткоиноор арилжиж, нийтдээ $10 саяыг олсон байна.

Энэ мөнгөөрөө Квашук нуурын эргийн $1.6 саяын үнэтэй амины сууц, $160,000-ын үнэтэй Тесла автомашин зэргийг худалдаж авчээ.

АНУ-ын Сиэтл хотын шүүх таван өдөр хуралдсаны эцэст Квашукт нийт 18 төрлийн ял тулгасан байна.

Үүнд онлайн луйврын хэрэгт таван ял, мөнгө угаасан хэрэгт нь зургаан ял, хулгайн хэрэгт нь хоёр ял, татвараа хуурамчаар мэдүүлсэн хэрэгт хоёр ял, имэйл, компьютер, тоног төхөөрөмжид зөвшөөрөлгүй нэвтэрсэн хэрэгт тус тус нэг төрлийн ял оноожээ.

Хэрвээ дээрх ялууд хэвээр батлагдвал Володимир Квашук 20 хүртэл жил шоронд хоригдох юм байна.

 

Эх сурвалж: Business Insider