Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын теннисний од Мария Шарапова зодог тайлж байгаагаа зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Их дуулгын тэмцээний таван удаагийн аварга, ОХУ-ын тамирчин Мария Шарапова газрын теннисний спортоос зодог тайлж байгаагаа зарлажээ.

Одоо 32 настай тамирчин бүсгүй уг мэдэгдлийг өөрийн Инстаграм хуудсанд нийтэлсэн байна. Теннисний цохиур барин зогсох өөрийн багын зургийг мэдэгдэлдээ хавсаргажээ.

“Теннис надад дэлхийг танилцуулж, бас намайг хэн болохыг өөрт минь танилцуулсан юм. Өөрийгөө сорих, өсөлтөө хэмжих хэмжүүр маань байлаа. Миний амьдралын дараагийн хуудас ямар байхаас үл хамааран би өөрийгөө дайчилсаар байх болно. Үргэлжлүүлэн өсөж дэвжих болно. Теннис минь баяртай” гэж Шарапова мэдэгдэлдээ бичсэн байна.

Тэрээр саяхан “Vanity Fair” сэтгүүлд мөрний гэмтлийнхээ талаар ярьж байсан юм. Шарапова өнгөрсөн хугацаанд их дуулгын таван том тэмцээнд түрүүлж байв. Тодруулбал French Open-д хоёр удаа, Wimbledon, Australian Open, US Open тэмцээнүүдэд тус бүр нэг удаа түрүүлжээ.

Тэрээр 2004 онд анх 17 настайдаа Уимблдоны тэмцээний түрүүг авч байв.

Шарапова нь спортын амжилтаас гадна сурталчилгааны  олон гэрээ байгуулж, арав гаруй жилийн турш дэлхийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй тамирчдын нэгэнд бичигдэж байжээ.

2016 онд түүний цуснаас мелдониум хэмээх сэргээшийн төрлийн бодис илэрснээр 15 сар тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм. Уг бодис өмнө нь зөвшөөрөгддөг байсан бөгөөд Шарапова 10 орчим жилийн турш хэрэглэж байжээ. Гэвч 2016 оноос хориотой бодисын тоонд орсон нь ийнхүү Шараповагийн уналтыг эхлүүлсэн юм.

Тэр цагаас хойш дахин оргил амжилтаа үзүүлж чадаагүй тамирчин бүсгүй эцэст нь дэлхийд чансаагаар 373 дугаарт бичигдэх болжээ.

Гэсэн хэдий ч Шарапова газрын теннисний спортод хамгийн өндөр амжилт гаргасан Оросын тамирчин болж, түүхэнд бичигдэж байна.

 

Эх сурвалж: Russia Today