Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын их сургуулиуд хятад оюутнуудад чөлөө авахыг санал болгож эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Өмнөд Солонгост шинэ коронавирусийн халдварын 30 дахь тохиолдол бүртгэгджээ.

Сүүлийн өвчтөн нь 68 настай эмэгтэй байсан бөгөөд тэр 29 дэх өвчтөний эхнэр юм байна. Түүний нөхөр 82 настай эрэгтэй халдвар авсан нь Ням гарагт батлагдсан юм.

Тэд сүүлийн үед ямар нэг гадаад улс оронд зорчоогүй, коронавирусийн халдвартай хүнтэй ойр байгаагүй нь анхаарал татаж байна.

Одоо Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам ахмад хосууд хэрхэн халдвар авсныг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Сүүлийн хоёр тохиолдол шинэ вирус олон нийтийн дунд түргэн тархах боломжтойг харуулж, түгшүүрийг улам нэмэгдүүлж байна.

Тиймээс Өмнөд Солонгосын засгийн газар Ням гарагт коронавирусийн тархалттай тэмцэх арга хэмжээгээ өргөжүүлэх шийдвэр гаргасан юм.

Үүнд тус улсын бүх эмнэлэгт эмчлүүлж байгаа ханиад томууны оноштой өвчтөнүүдэд шинэ коронавирусийн шинжилгээг хийхээр болжээ.

Мөн гуравдугаар сард хичээл эхлэх гэж байгаатай холбогдуулан Хятадаас ирэх оюутнуудад нэг семестрийн чөлөө авах, эсвэл онлайнаар суралцах нөхцлийг санал болгохыг бүх их сургуулиудын удирдлагад боловсролын яамнаас даалгасан байна.

“Одоо Хятадаас эргэж ирээгүй байгаа оюутнуудад нэг семестрийн хичээлийг онлайнаар үзэх, эсвэл чөлөө авах хоёр нөхцлийн аль нэгийг санал болгохыг их сургуулиудад даалгалаа” гэж Өмнөд Солонгосын боловсролын сайд Ёо Юн Хэ хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.