Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Өрх, сумын эмнэлгүүдэд нийт үзлэгийн 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтээр зохион байгуулахыг үүрэг болгосон"

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1137766289948671/

"Агаар дуслын зам нь шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа"

 
Гэрэл зургийг Mpa.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 71,269, нас баралт 1,773 байна. Хоёрдугаар сарын 13-наас эхлэн эмнэл зүйн шинж тэмдгээр батлагдса тохиолдлыг давхар бүртгэж эхэлсэн. Ингэснээр өвчтнүүд лабораторийн шинжилгээний хариуг хүлээлгүйгээр томограф ба эмнэл зүйн шинж тэмдгээсээ хамааран эмчилгээг түргэн эхлүүлэх боломжтой болоод байна.

Агаар дуслын зам нь эмнэлгийн ажилтнууд болон өвчтний ар гэрийнхэнд шинэ коронавирус халдварлах гол зам хэвээр байгаа. Найман судлаачийн хийсэн судалгаагаар ковид-19-ийн нууц үе нь 1-12.5 хоног буюу дунджаар 5-6 өдөр гэж тогтоогдсон. 

Түргэн тусламжийн хоёр машиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар: Ковид-19 халдвараас урьчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр харьяа дүүргийн эрүүл мэндийн төвүүд хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал, халдваргүйжүүлэх бодисыг нөөцлөх, ард иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх, нийтийн тээврийн хэрэгслүүдэд мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг байрлуулж, ариутгал хийж байна.

Болзошгүй эрсдлийн үед БЗД, ЧД, ХУД, СХД, Төв салбаруудад ковид-19 халдварын үед сэжигтэй тохиолдолд үйлчлэх тус бүр хоёр түргэн тусламжийн автомашиныг шаардлагатай зүйлсээр тоноглон бэлэн байдалд байлгаж байгаа. 

Халдвар гарсан тохиолдолд хамгийн эрсдэлтэй байгууллага нь бүх шатны эрүүл мэндийн байгууллага учир өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд нийт үйлчилгээний 60-аас доошгүй хувийг гэрийн эргэлтээр зохион байгуулах чиглэлийг үүрэг болгож байна. Мөн иргэдэд аль болох утсаар зөвлөгөөг авах, олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байхыг зөвлөе. 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар руу нэвтрэх найман пост дээр хяналтын баг ажиллаж байгаа. Үүний зорилго нь иргэдэд мэдээлэл, шаардлагатай зөвлөмж хүргэх бөгөөд сэжигтэй тохиолдлыг илрүүлэх юм.

Хоёрдугаар сарын 7-16-нд нийслэл рүү 39,170 тээврийн хэрэгслээр 119,665 зорчигч хяналтад хамрагдсан. Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээр энэ хугацаанд 115 галт 32,532 зорчигч, 178 онгоцоор 15,243 зорчигч Улаанбаатар хотод нэвтэрсэн. Сэжигтэй тохиолдлуудыг цаг тухайд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан. Одоогоор ноцтой тохиолдол илрээгүй бөгөөд шинэ коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдээгүй.

Хандивласан амны хаалтуудыг түгээх ажлыг зохион байгуулж байна

Халдвар гарвал ашиглах хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулан Засгийн газраас 4.1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгсөн байна. Уг хөрөнгөөр шаардлагатай худалдан авалт хийх ажлыг ЭМЯ зохион байгуулж байгаа ажээ. 

Мөн гадаадад байгаа иргэд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд амны хаалт хандивласаар байгааг иргэдэд түгээх ажлыг мөн зохион байгуулж байгааг хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.