Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

Таван иргэний шинжилгээ хариу сөрөг гарч, дахин гурван тохиолдлыг тусгаарлаад байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. 

Сүүлийн 24 цаг буюу өчигдрийн байдалтай харьцуулахад өвчлөл 2,009 тохиолдлоор нэмэгджээ. Нийт өвчлөлийн тоо 68,584 болсон байна. Нас барсан хүний тоо 142-оор нэмэгдэж нийт 1666-д хүрчээ. Хүнд байгаа өвчтөний тоо 216-аар нэмэгдэж байна. 

Харин эдгэрсэн хүний тоо 1,324 тохиолдлоор нэмэгдэж 9,425 болжээ. 

Өчигдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 25 улсад бүртгэгдсэн байсан бол өнөөдөр Египет улсад шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад бүртгэгдсэн тохиолдол нь БНХАУ-д аяласан гэдэг өгүүлэмжтэй байгаа аж. 

Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар гараагүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүсийг ажиглалтадаа авч хянаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны хоёрдугаар сарын 14-нд тусгаарлагдсан таван тохиолдлын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарсан. ХӨСҮТ-д нэг, Налайх дүүрэгт нэг, Завхан аймагт тусгаарлагдсан тохиолдлууд бүгд шинэ коронавирусээр халдварлагдаагүй нь тогтоогдлоо.

Харин 2020 хоёрдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д хоёр, Замын-Үүдэд нэг, нийт гурван тохиолдлыг тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж байна. Замын-Үүдэд тусгаарлагдсан нэг хүний талаарх мэдээллийг А.Амбасэлмаа дарга танилцуулна. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын 104 иргэн хил нэвтрэн орж ирсэн. Тэдгээр хүмүүст холбогдох байгууллагууд эрүүл мэндийн үзлэг хийж, асуумж авсан. Хилээр орж ирсэн иргэдийг Замын-Үүдэд чөлөөлж бэлдсэн байсан гурван зочид буудалд 14 хоног тусгаарлан ажиглалт хийнэ. 

Термокамер болон, эрүүл мэндийн асуумжаар нэг зорчигч халуунтай байсан нь илэрсэн. Тиймээс тухайн хүнийг тусгаарлан үзлэг, шинжилгээ хийж байна. 

Нийтдээ 104 хүн Замын-Үүд боомтоор орж ирснээс нэг иргэнийг тусгаарлан, 103-ыг ажиглалтад байлгаж байна. 

 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/2753898321352509/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.