Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/16-НД НИЙТЛЭГДСЭН

КОРОНАВИРУС: Европт анхны өвчтөн нас барж, “Diamond Princess” хөлгөөс 67 халдвар нэмж илэрлээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Малайзад ирсэн "Westerdam" хөлгийн зорчигчид

Шинэ төрлийн коронавирусийн халдвартай Хятад улсын иргэн Франц улсад нас барсныг өчигдөр орой мэдээлжээ.

Энэ нь Европ тивд бүртгэгдсэн анхны, Хятадын эх газрын гадна бүртгэгдсэн дөрөв дэх эндэгдэл болж байна.

Өмнө нь Филиппин, Хонг Конг, Японд тус бүр нэг өвчтөн нас барсан юм.

Францын тохиолдолд 80 настай жуулчин эрэгтэй Парис хотын Бишат эмнэлэгт өчигдөр нас баржээ.

Хятадын газар нутгийн гаднах коронавирусийн тархалтын хамгийн том голомт болоод байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс нэмж 67 халдвар илэрсэн тухай Японы эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн байна.

Ингэснээр тус хөлөг дээрээс нийт 285 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юм. Тэдгээрээс гадна хөлөг дээр хөл хорионы дэглэм тогтоох ажилд оролцож байсан Японы талын нэг ажилтан халдвар аваад байна.

Өчигдөр АНУ-ын засгийн газар “Diamond Princess” хөлгөөс өөрийн 400 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр нисэх онгоц илгээх болсныг зарласан юм.

Тэднийг АНУ-ын нутаг дэвсгэрт ирэхэд нь дахин 14 хоног тусгаарлах юм байна.

Хоёрдугаар сарын эхээр Японы эрэгт ирсэн “Diamond Princess” хөлөг дээр нийт 3,700 орчим хүн байрлаж байгаа юм. Хөлөг дээр тогтоосон хөл хорионы дэглэм энэ сарын 19-нд дуусах ёстой ч цааш үргэлжлэх магадлал өндөр байна.

Камбожийн эрэгт буусан Нидерланд-Америкийн “Westerdam” аяллын хөлгийн зорчигчдоос коронавирусийн анхны халдвар илэрсэн тухай Малайзын засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Азийн таван улс орон хүлээж авахаас татгалзаад байсан тус хөлөг Пүрэв гарагт Камбожийн боомтод зогсож, зорчигчдоо гэр гэрийнх нь зүгт нисгэсэн юм. Камбожийн эрх баригчид хөлгийн зорчигчид дотор халдварын шинж тэмдэг илрээгүйг өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл тэдгээрээс Малайзын нийслэл рүү ниссэн 144 зорчигчийн нэг, АНУ-ын иргэн 83 настай эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн байна.

Түүний нөхөр 85 настай эрэгтэйгээс халдвар илрээгүй ч Малайзын тал хяналтад аваад байгаа ажээ.

Коронавирусийн халдвар тарахаас болгоомжилсон Филиппин, Тайвань, Япон, Тайланд, Гуамын эрх баригчид “Westerdam” хөлөгт боомтдоо нэвтрэх зөвшөөрөл өгөхгүй байсан юм.

Зорчигч, ажилтан нийлээд 2,257 хүнтэй хөлөг 14 хоног далайд аялсны эцэст Камбожийн засгийн газар хүлээж авахыг зөвшөөрсөн байна.

Бямба гарагийн байдлаар хөлгийн 835 зорчигч Камбожоос бусад улс орнууд руу нисжээ.

 

Эх сурвалж: Reuters, AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.