Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/15-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн гамшиг хятадуудын Валентины баяр тэмдэглэдэг уламжлалыг өөрчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Жил бүрийн Валентины баярын өдрийг тэмдэглэдэг уламжлал энэ удаа нэлээд өөрчлөгдсөн тухай Хятадын хүргэлтийн үйлчилгээний Мэйтуан компани мэдээлжээ.

Тус компани нь Хятад даяар 5.9 сая харилцагч түнштэй, 700,000 орчим идэвхтэй хүргэгчтэй, салбартаа хамгийн том тоглогч юм.

Энэ жилийн Валентины баяраар дан баглаа цэцгийн оронд амны хаалтын болон бусад хамгаалах хэрэгслийн цэцэгтэй хослуулсан баглаа хамгийн өндөр эрэлттэй байжээ.

Мөн хүний биеийн дархлааг дэмжих үйлчлэлтэй брокколи зэрэг хүнсний ногоогоор хийсэн баглаа захиалга өндөртэй байсан гэнэ.

 

Өөрөөр хэлбэл Хятадын хосууд зүгээр нэг романтик бэлэг биш, илүү амьдралд хэрэгтэй, практик бэлгийг түлхүү сонгосон байна.

Амны хаалтаар хийсэн баглааг тус улсын сошиал хэрэглэгчид “Валентины баярын хамгийн шилдэг бэлэг”, “Ийм бэлэг илгээсэн залуутай шууд гэрлэх хэрэгтэй” гэх зэргээр магтан бичжээ.

Зөвхөн Валентины баяраар ч биш, энэ долоо хоногийн турш амны хаалтын хүргэлт, захиалга хамгийн дээд цэгтээ хүрснийг Мэйтуан компани мэдээлсэн байна.

Өмнөх жилүүдийн Валентины баяраар “Би чамд хайртай” гэсэн зурвас бэлгэнд хамгийн их дагалддаг байсан бол энэ жилийн баяраар “Биеэ бодоорой”, “Эрүүл энхийг хүсье” гэсэн агуулгатай зурвасууд хамгийн их байжээ.

Мөн нэг хотод амьдардаг хүмүүс хоорондоо бараа бүтээгдэхүүн хүргүүлэх явдал нэмэгдсэн нь иргэд гэрээсээ гаралгүй, зайнаас харьцах явдал нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

Мэйтуан компани энэ хандлагыг “Нэг хот дотрох алсын зайн харилцаа” гэж нэрлэжээ.

Энэ жилийн Валетнины баяраар ажиглагдсан нэг шинэ зүйл нь нэг хүн хоёр хүний хоол захиалж, хоёр өөр хаягт хүргүүлэх үзэгдэл гэнэ.

Өөрөөр хэлбэл залуу хосууд нэг газарт уулзаж зоог барихын оронд өөр өөр газраас ижил хоол захиалаад видео чатаар холбогдон хамт зооглож байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.