Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Ганбат: Монголын сурагчдын сурлагын чанарыг илтгэх үндэсний хэмжээний судалгаа хийж байгаагүй

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭЕШ болон Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл эхэлсэнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбатаас зарим зүйлийг тодрууллаа.

- Боловсролын үнэлгээний төвөөс сурагчдын чанарын судалгааг хийдэг. Энэ жилийн хувьд ЕБС-ийн сурлагын чанарын үнэлгээний талаар мэдээлэл өгөхгүй юу. Сүүлийн жилүүдэд төгсөгчдийн сурлагын чанарын судалгаа харьцангуй муу байгаа гэх мэдээлэл байна?

- Өнгөрсөн жил бид суурь боловсрол буюу 9 дүгээр ангийн сурагчдын чанарын үнэлгээг улсын хэмжээнд хийж, өнгөрсөн аравдугаар сард өндөр дүн оноо гаргасан сургуулиудыг эрэмбэлэн жагсаасан.

Энэ жагсаалтыг Топ-40 сургууль нэрийн дор олон нийтэд нээлттэй зарлаж байсан.

Боловсролын чанар, сурагчдын сурлагын амжилтыг бид өнөөдөр сайн, муу гэж хэлэхээс илүү сургуулиуд аль агуулга дээр алдаж байгаа эсэх болоод хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах чиглэл дээр анхаарч байна.

Түүнээс биш өнөөдөр Монгол Улсын боловсролын чанарыг сайн, муу гэж хэлэх эрт. Учир нь үндэсний хэмжээний том судалгаа хараахан хийгдээгүй.

Энэ жилийн төгсөгчдийн сурлагын чанарын судалгааг урьдчилж сайн эсвэл муу гэж хэлэх боломжгүй.

- Тэгвэл ЕБС-ийн сурагчдын сурлагын чанарын үнэлгээ жилээс жилд буурч байна уу, эсвэл өсөж байна уу?

- Жил бүр боловсролын үнэлгээний судалгаа гардаг. Бид сургууль, аймаг бүрээр нь чанарын үнэлгээний дүн оноог нэгтгэж гаргаад юунд анхаарах шаардлагатай тухай зөвлөмжийг сургууль бүрт нь хүргүүлэх ажлыг зохион байгуулдаг.

Харин аль хичээлээр ямар аймгийн сурагчид сайн, муу гэдгийг хэлэх ойлголт байхгүй. Үндэсний хэмжээнд энэ чиглэлээр зориулж хийсэн судалгаа байхгүй.

Тиймээс өнөөдөр шууд Монгол Улсын боловсролын чанар сайн, мууг шууд дүгнэж хэлэх нь өрөөсгөл ойлголт.

- Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг үндэслэж тийм судалгаа хийх боломжтой юу?

ЭЕШ-ын зорилго нь арай өөр түвшинд явагддаг бөгөөд сурлагын амжилтын үнэлгээнээс тусдаа асуудал.

ЭЕШ-ын зорилго нь их, дээд сургуульд элсэгчдээс шалгуулагчдыг эрэмбэлэн жагсаах зорилготой уралдаант шалгалт юм. Тэр утгаараа даалгаврууд нь арай ахисан түвшинд боловсруулагддаг учраас ЭЕШ-ын дүн оноогоор боловсролын сурлагын амжилтыг үнэлэх боломж байдаггүй.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг сайн, муу өгсөн гэж хэлэхээс илүү тухайн хүүхэд хэдэд жагссан нь чухал үзүүлэлт юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл бүрээр анализ тайлан мэдээ боловсруулдаг ч энэ нь дараа жилийн шалгалтад ямар даалгавар өгөх болоод хүүхдүүд тухайн даалгаврыг хэрхэн гүйцэтгэж байгаа тал дээр бид тандалт судалгаа хийдэг.

-Шалгуулагчид дээд тал нь 10 хичээлээр ЭЕШ өгч болдог. Хүүхдүүд ихэнх нь хэдэн хичээлээр өгч байгаа бол? 

-Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гарсны дараа Боловсролын үнэлгээний төвөөс хичээл бүрээр дэлгэрэнгүй анализ тайлан мэдээ боловсруулж гаргадаг.

Тэр дүнгээс харахад 4-5 хичээл сонгож, шалгалт өгсөн хүүхдүүдийн ЭЕШ-д үзүүлсэн амжилт нь илүү байсан.

Өөрөөр хэлбэл 4-5 хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн оноо, хэтэрхий олон эсвэл бага хичээлээр өгсөн хүүхдүүдийн онооноос илүү байсан гэсэн үг.

Энэ нь магадгүй хүүхдүүдийн хичээлээ давтах ачааллаа тааруулсан, шалгалт өгөх хичээл бүртээ тохирсон хугацаагаа зэргээс хамаарч байж болох юм.

- Өнгөрсөн жилийн ЭЕШ-ын босго оноогоо даваагүй хүүхдүүд бий. Тэд дахин ЭЕШ өгөх боломжтой юу?

- Босго оноогоо даваагүй хүүхдүүд энэ жил дахин шалгалтад орох эрх нь нээлттэй.

Боловсролын үнэлгээний төвд өмнөх онд ирсэн материал даалгаврууд болон зөвлөмжүүдийг онлайнаар хүргэж байгаа. Үүний дагуу маш сайн бэлдэж байгаад энэ жил дахин хамрагдаж оноогоо өсгөх бүрэн боломжтой.

- Монгол хэл бичгийн шалгалтын босго оноогоо давсан хүүхдүүдийн хувьд?

- Тухайн шалгуулагч өнгөрсөн жил Монгол хэл бичгийнхээ босго оноог давсан ч ЭЕШ-даа өөрийн хүсэн хэмжээнд хангалттай дүн оноо үзүүлээгүй тохиолдол байж болно.

Тийм бол өнгөрсөн жилийн босго оноог давсан Монгол хэл бичгийнхээ батламж хуудсыг ашиглаад ЭЕШ-д дахин бүгүүлэх боломж нь нээлттэй.

Хэрэв ЭЕШ-д оноогоо ахиулсан тохиолдолд өнгөрсөн жилийн Монгол хэл бичгийн шалгалтын хуудсаа энэ жилийн ЭЕШ-ын батламжаа ашиглаад их, дээд сургуульд элсэх боломжтой.