Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

"Барилгын ажил гүйцэтгэгч нар био жорлон хэрэглэх шаардлагатай байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хот байгуулалт, хөгжлийн газраас (ХБХГ) Барилгын загвар зураг батлуулах, тавигдах шаардлага, түр хашааны стандарт болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Шаардлагыг биелүүлж чадсан бол хоёр хоногийн дотор зураг төслийг батлах боломжтой"

 
Mpa.mn

ХБХГ-ын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул “Загвар зураг батлагдахгүй удаж байна гэсэн гомдол их ирдэг. Загвар зураг архитектур төлөвлөлтийн шаардлагыг биелүүлж чадсан байвал хоёр хоногийн дотор Ерөнхий архитектороор батлуулах боломжтой.

Тодруулбал, Хот байгуулалтын хөгжлийн газар нийслэлийн нэгдсэн төвүүдээр дамжуулан нийслэлийн нутаг дэвсгэр дээрх барилга байгууламж барих хүсэлтийг хүлээн авч, 5-10 хоногийн дотор шийдвэрлэдэг.

Хэрвээ газрын маргаан зөрчилгүй байвал тухайн хүсэлтийг барилгачдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, гарсан шийдвэрийн дагуу архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж өгдөг.

Тухайн даалгавар дээр хэд хэдэн үндсэн шаардлага тавигддаг бөгөөд барилгын ямар хүчин чадалтайгаа эхлээд ямар загвар зураг хийж болох талаар бүхнийг заасан бий.

Энэ тухай uda.ub.gov.mn вэб сайтаас харах боломжтой. Харин энэ дээр тавигдсан шаардлагыг хангаагүй тохиолдолд хэдэн ч удаа хамаагүй хүсэлтүүдийг буцаадаг.

Шаардлага хангаагүй зураг төслийг буцаахад иргэд хүнд суртал гаргаж байна гэсэн буруу ойлголт авдаг юм.

Тиймээс загвар зургийн зөвлөх байгууллага, архитекторууд шаардлага хангасан зураг төсөл хийхэд анхаарах хэрэгтэй. Зураг төслүүдийн стандарт шаардлагыг веб сайтаас авах боломжтой” гэв.

Мөн тэрбээр "Хашааны стандартыг мөрдүүлээгүйгээс болж барилга угсралтын явцад иргэдийн амьдрах орчныг дордуулж байна гэх болон өндрөөс юм унах эрсдэлтэй байгаа тухай гомдол нэлээдгүй ирэх хандлагатай байна" гэдгийг нэмж хэлэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

"Барилгын ажил гүйцэтгэгч нар био жорлон хэрэглэх шаардлагатай"

 
Mpa.mn

ХБХГ-ын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж “Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, түүний хэрэгжилтийг хангах хүрээнд 2020 оныг Нэг хот- Нэг стандарт гэсэн зорилтод жил болгон зарласан.

Үүнтэй холбоотойгоор 2019 онд НИТХ-аар батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа хайс ашиглах, буулгах журмыг барилга байгууламж барихдаа болон хүлээж авахдаа мөрдөх хэрэгтэй.

Журамд зааснаар Улаанбаатар хотод барилга байгууламж барихдаа барилгын хашаа барих зөвшөөрлийг авах ёстой. Ашиглалтын явцад хашаатай байхаар заасан 16 объект, хайстай байхаар заасан дөрвөн объектыг журамд оруулсан байдаг. Түүнийг л биелүүлэх хэрэгтэй.

Нэг хот- нэг стандарт зорилтод жилийн хүрээнд түр хашааг барихдаа иргэддээ ээлтэй, орчны аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг хүсэж байна" гэв.

Мөн тэрбээр "Барилга барьж байх хугацаандаа тухайн орчны хөрсний бохирдлыг нэмэгдүүлэхгүйн тулд барилгын гүйцэтгэгч нар био жорлон хэрэглэх, агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс инженер техникийн ажилчдын түр байрлах байрыг цахилгаанаар халаах шаардлагатай" гэдгийг онцолсон юм.