Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/07-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн тухай мэдээллийг анх задруулсан эмч халдварын улмаас нас баржээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Шинэ төрлийн коронавирус тарсан тухай анх олон нийтэд зарлаж, анхааруулж байсан эмч Ли Вэнлянь өөрөө уг вирусийн халдвараар нас барсан тухай өнгөрсөн шөнө Ухань хотын төв эмнэлэг мэдээлжээ.

34 настай Ли эмч шөнийн 2:58 цагт амьсгал хураасан байна.

“Гамшгийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан мэргэжилтэн нас барсанд бид гүнээ эмгэнэн гашуудаж байна” гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан мэдэгджээ.

Хятадын сошиал орчинд иргэд эмгэнэл илэрхийлж, мэдээлэл задруулсан Ли Вэнляньд хатуу хандаж байсан эрх баригчдаас уучлал гуйхыг шаардсан байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Ли сургууль хамт төгссөн эмч нартай чатаар харилцахдаа SARS хэлбэрийн вирус тарж, Ухань хотын эмнэлэгт хэд хэдэн өвчтөнийг тусгаарлаад байгаа тухай мэдээлж байжээ.

Үүний дараа орон нутгийн эрүүлийг хамгаалах газар шинэ төрлийн вирусийн халдвараар 27 хүн өвдөөд байгаа тухай мэдээлсэн юм.

Удалгүй Ли эмчийг өөр долоон хүний хамт цагдаагийн газарт дуудаж, дахин өвчний талаар мэдээлэл задруулахгүй байхыг шаардаж, ам өчгийг нь бичгээр авч байжээ.

Нэгдүгээр сарын 1-ний өдөр Хятадын төрийн суваг CCTV “цуурхал” тараасан Ухань хотын найман эмчийг буруутгасан мэдээ цацаж байв. Цагдаагаас сануулга авсан Ли Вэнлянь нэгдүгээр сарын 3-ны өдөр ажилдаа буцаж ирсэн бөгөөд нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн биед нь халдварын шинж илэрч эхэлжээ.

Энэ үеэр Хятадын засгийн газар коронавирус хүнээс хүнд халдсан тохиолдол илрээгүй, эмнэлгийн ажилтнуудаас халдвар авсан хүн байхгүй гэсэн мэдээллийг цацсаар байсан гэнэ.

Эрх баригчид эмч халдвар авсныг нууж, гадагш мэдээлэхгүй байгаа тухай тэр нэгдүгээр сарын 31-нд Вэйбо сошиал сүлжээнд нийтэлсэн байна. “Миний шинжилгээний хариу халдваргүй гэж гарсан ч амьсгалахад хүнд, арай ядан явж байна. Аав, ээж хоёр маань ч эмнэлэгт хэвтлээ” гэж тэр бичиж байжээ. Эцэст нь өнгөрсөн Бямба гарагт Ли Вэнлянийг коронавирусийн халдвартай гэж албан ёсоор оношилжээ. Халдвар авсныг нь хүлээн зөвшөөрснөөс хойш хэдхэн хоногийн дараа тэр нас барлаа.

Ухань хотод тарсан шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 28,403 хүн өвчилж, 567 хүн нас бараад байна.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.