Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Diamond Princess” хөлгөөс коронавирусийн халдвартай 10 хүн нэмж илэрлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Йокохама хотын боомтод саатаад байгаа “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс коронавирусийн халдвартай 10 хүн нэмж илэрсэн тухай Японы эрүүл мэндийн яам өнөөдөр мэдэгджээ.

Ингэснээр 3,700 хүнтэй тус хөлгөөс нийт 20 хүн халдвартай нь тогтоогдоод байна. Азийн хотуудаар дамжин аялдаг “Diamond Princess” хөлгөөс өнгөрсөн сард Хонг Конгт бууж үлдсэн хүнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн юм.

Үүний дараа Хонг Конгийн тал Японы засгийн газарт мэдэгдсэн тул Даваа гарагийн орой Йокохамагийн боомтод ирэхэд нь саатуулж, хөл хорио тогтоожээ.

“Бид эхлээд шинжилгээний 31 хариу хүлээж авсны дотор 10 халдвар илэрсэн. Сая дахин 71 хариу хүлээж авахад нэмж 10 халдвар илэрлээ” гэж Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн байна.

Хөлгийг 14 хоногийн турш хөл хорионд байлгаж, зорчигчдыг нь буулгахгүй тул өнөөдөр өглөө боомтоос хангамжийн материал нийлүүлжээ.

Энэ явдлаас улбаатайгаар Тайвань улс Пүрэв гарагаас эхлэн олон улсын аяллын бүх хөлгийг өөрийн боомтод хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан байна.

Хонг Конгийн эрх баригчид мөн өөрийн боомтод ирсэн нэг аяллын хөлөг дээр хөл хорио тогтоогоод хоёр дахь өдрөө болж байгаа. 

“World Dream” нэртэй тус хөлгийн багийн 33 гишүүнээс авсан шинжилгээний хариуг хүлээж байгаа гэнэ. Хөлөг дээр 1,800 орчим зорчигч аялж яваа ба тэднийг хэр удаан хүлээлгэх талаар мэдээлээгүй байна.

“Diamond Princess” хөлгөөс илэрсэн 20 тохиолдлыг нэмбэл Японы улсад коронавирусийн нийт 45 халдвар бүртгэгдэж байна.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.