Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын сенат Дональд Трампыг цагаатгалаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын сенатын танхим ерөнхийлөгч Дональд Трампыг гэм буруутайд тооцох эсэх асуудлаар санал хураалт зохион байгуулжээ. Хэрвээ сенатын гишүүдийн олонх түүнийг буруутай гэж үзвэл албан тушаалаас нь огцруулах ёстой байв.

Дональд Трамп нь АНУ-ын түүхэнд гэм буруугаа сенатаар шүүлгэсэн гурав дахь ерөнхийлөгч болж байна. Түүнийг 2020 онд дахин сонгогдохын тулд Украины эрх баригчдад шахалт үзүүлсэн, конгрессийн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэсэн хоёр үндэслэлээр Ардчилсан Нам олонх болдог төлөөлөгчдийн танхим шүүх ажиллагааг эхлүүлсэн юм.

Өчигдөр сенатын олонхыг бүрдүүлэгч Бүгд Найрамдахчууд ерөнхийлөгчөө авч үлдэх санал дээр бат зогссоноор Трамп цагаатгагдаж, шүүх ажиллагаа хаагдаж байна.

Сенатад Бүгд Найрамдахчууд 53 суудалтай бол Ардчилсан Нам 47 суудалтай. Трампыг буруутгасан эхний хэргээр санал хураахад 52:48 харьцаагаар, хоёр дахь хэрэгт 53:47 харьцаагаар гэм буруугүй гэж үзжээ.

Эхний санал хураалт дээр Ардчилсан Намын талд орсон ганцхан Бүгд Найрамдах намын гишүүн байсан нь сенатор Митт Ромни байв.

Ингэснээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн шүүх ажиллагаа (импичмент) өндөрлөж, Дональд Трампыг огцруулах шаардлагагүй болж байна. 

Трампаас өмнө АНУ-ын ерөнхийлөгч Эндрью Жэксон, Билл Клинтон нар гэм буруутай эсэхээ сенатаар шүүлгүүлсэн ч мөн цагаатгагдаж, суудалдаа үлдэж байжээ.

 

Эх сурвалж: AFP