Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Cathay Pacific компани гурван долоо хоног цалингүй амрахыг бүх ажилчдадаа уриалжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн иргэний агаарын тээврийн томоохон компани Cathay Pacific өнөөдөр бүх 27,000 орчим ажилтандаа хандаж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийн агуулга нь коронавирусийн гамшгаас үүдэлтэй тус компани санхүүгийн хүндрэлд орсон тул сайн дураараа гурван долоо хоногийн хугацаатай цалингүй амралт авахыг ажилтнууддаа уриалсан байна.

Компанийн гүйцэтгэх захирал Аугустус Тан Кин-Вин видео мэдэгдэлдээ “Хүн бүрээс компанидаа туслахыг би хичээнгүйлэн гуйж байна. Компанийн нөхцөл байдал 2009 оны санхүүгийн хямралын үеийнхтэй ижил түвшинд байна. Мөнгө санхүүгийн нөөцөө хэмнэх нь бизнесээ аварч үлдэх гол арга зам боллоо” гэж ярьжээ.

Компанийн ажилчид дээрх амралтыг гурваас зургаадугаар сарын хооронд эдлэх ёстой гэнэ.

Cathay Pacific өчигдөр дэлхий даяар хийдэг нислэгийнхээ 30 хувийг хоёр сарын хугацаанд зогсоох шийдвэрээ зарласан юм. Үүнд эх газрын Хятадын хотууд руу хийдэг нислэгийн тоо хэмжээ 90 хувиар буурах болсон байна.

Хамгийн сүүлд тус компани 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаар, мөн 2003 онд SARS өвчин тархах үед ийм арга хэмжээ авч байжээ.

Жил бүрийн Хятадын сар шинийн баяраар хамгийн их орлого олдог байсан компани өнгөрсөн баяраар жилийн хамгийн бага орлогоо олсон нь үүнд нөлөөлсөн гэнэ.

Cathay Pacific нь олон улсын 79 чиглэлд нислэг үйлддэг дэлхийн томоохон авиа компаниудын нэг юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.