Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ухань хотын иргэдэд туслах "Нэг хүн -1,000 төгрөг хандивлая" аяныг эхлүүллээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод  шинэ коронавирусийн халдварын тохиолдол өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээр бүртгэгдсэн. Энэхүү аюулт өвчин маш хурдацтай тархаж, ДЭМБ-аас олон улсын хэмжээнд ОНЦ БАЙДАЛ зарлаад байна.

Энэ цаг үед БНХАУ-тай он удаан жилийн түүхэн, найрсаг харилцаанд тулгуурлан хөгжиж байгаагийн хувьд Ухань хотын иргэдэд туслах аяныг эхлүүлснээ Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс өнөөдөр танилцуулж мэдээлэл хийлээ.

Ухань хотын ард иргэдэд туслах хандивын аяныг өрнүүлэхээр, Монголын нийт ард түмэндээ хандаж, "Нэг хүн -1,000 төгрөг хандивлая" уриалга гаргаж байгааг зохион байгуулагчид хэлсэн юм.
"Бидний энэхүү уриалгыг Монголын нийт ард түмэн дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Хандивын аян болон хоёр орны найрсаг хамтын ажиллагааны талаар Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн ерөнхийлөгч, Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн тэргүүн Р.Мөнхбат "Манай улсын хувьд коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй бүсэд хамаарч байна. Монгол Улсын Засгийн газар нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон шуурхай арга хэмжээнүүд авч, хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн Засгийн Газар хөрш оронд нүүрлэсэн гамшгийг арилгахад зориулан 200,000 ам.долларын тусламж үзүүлсэн.

Энэ хүнд цаг мөчид хөрш оронд болж байгаа гамшгийн тухай өдөр бүр сонсож байгаа Монгол Улсын иргэд бид өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж, Хятадын ард түмэн, гамшигт нэрвэгдсэн Ухань хотын ард иргэдэд чин сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Нэг хүн-1,000 төгрөг хандивлая” аяныг нэг сарын хугацаатай зохион байгуулахаар шийдэж, энэхүү аяныг орон даяар өрнүүлэхээр нийт ард түмэндээ уриалж байгаа юм.

Бидний энэхүү уриалгыг Монголын нийт ард түмэн дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

Зөвхөн ХАА салбарт хэрэгжиж байгаа хамтын ажиллагааны талаар хэлэхэд,

  • БНХАУ-ын дэмжлэгтэйгээр “Өвлийн нарлаг хүлэмж”-ийн төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ чиглэлээр 600 гаруй хүнийг ӨМӨЗО-ны Хөх хотноо танилцах аялалд оролцуулсан.
  • Мөн Монгол Улсын "ЗГ-ын 255-р тогтоолоор батлагдсан ”Цаа бугын аж ахуйг сэргээх цаачдын амьдралын түвшинг сайжруулах” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоны дээр хөрш орны ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Ологуяа суманд байх цаачин иргэдтэй хамтран ажилласаар ирсэн.
  • Монгол-Өвөр Монголын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нь БНХАУ-ын Хэбэй мужийн Ю-тиан хотын Иньхэ дунд сургуультай хамтран ажиллаж, 200 гаруй Монгол сурагчид Хятад хэлний бэлтгэл ангийг амжилттай төгсөн, БНХАУ-ын их, дээд сургуульд дэвшин суралцаж, төгсөөд өнөөдөр эх орондоо олон салбарт амжилттай хөдөлмөрлөж байна.
  • Түүнчлэн БНХАУ-ын хөрөнгө оруулагчдын “Зунхуа” нийгэмлэг нь “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд БНХАУ, Монгол Улс , Голланд зэрэг гурван улс хамтран хэрэгжүүлэх “Ухаалаг хөдөө аж ахуй” төслийн хүрээнд МХХААҮА, ХААИС-тай хамтран ажиллах гэрээ хийж, өнгөрсөн оны намар анхны уулзалт семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан юм.

Бидний хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл ойлголцол дээр тулгуурлан явагдаж ирсэн бөгөөд цаашид ч Монгол Хятадын хамтын ажиллагаанд дорвитой хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Нэг салбарын хамтын ажиллагааг дурдахад л ийм байгаа. Тиймээс энэхүү хүмүүнлэгийн хөдөлгөөнд Монгол Улсын нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, ААН, хэвлэл мэдээллийн болон хүмүүнлэгийн байгууллагууд нэгдэж идэвхтэй оролцохыг уриалж байна" гэлээ.

Цугласан хандивыг Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-аар дамжуулан хүргэнэ гэв
 
Гэрэл зургийг mpa.mn

Эдгээрээс гадна БНХАУ-аас манай улсын залууст өгөх тэтгэлгийн хэмжээ жил тутам өсөж, одоогоор зөвхөн магистр, докторт гэхэд 1,100 орчим оюутан суралцаж байгаа. Магистрын оюутнууд сар бүр 3,000 юань, докторын суралцагчид 5,000 юанийн тэтгэлэг авдаг. Оюуны хөрөнгө оруулалт тогтмол өсөж байгаа гэдгийг Монголын Хүнс Хөдөө Аж ахуйн Үндэсний Ассоциацийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Батдэлгэр нэмж хэллээ.

Хандивын аяныг зохион байгуулагчид нэг сарын хугацаанд цугласан мөнгийг "Ухань хотын иргэдэд" хэмээн хаяглаж Монгол Улс дахь БНХАУ-ын ЭСЯ-аар дамжуулан өгөх бөгөөд тайлангаа хандивлагч тус бүрийн нэрээр гарган танилцуулах болно гэдгээ хэлж байв.

Хандивын данс: 5041577857 /Хаан банк/
Аян зохион байгуулагчидтай холбогдох утасны дугаар: 99182928, 95607555, 80104228
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.