Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

8 настай хүү түлхүүрийн оосор хийн зарж, сургуулийнхаа сурагчдын өдрийн хоолны өрийг төлжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Киони Чин хэмээх 8 настай хүү түлхүүрийн оосор хийж зарснаар өөрийн сургуулийн болон ойролцоох зургаан сургуулийн сурагчдын өдрийн хоолны өрийг төлжээ.  

Тэрбээр АНУ-ын Вашингтон мужийн Ванкувер хотод амьдардаг бөгөөд сургууль дээр нь зохиогддог "Сайхан сэтгэлийн долоо хоног"-оор онцгой зүйл хийхийг хичээсэн нь энэ юм. 

"San Francisco 49ers" багийн тамирчин Ричард Шерман сурагчдын өдрийн хоолны өрийг төлөхөд 27,000 ам.доллар хандивласан тухай мэдээг Киони Чин сонсоод бусдадаа энэ маягаар туслах санаагаа олжээ. 

 

Киони өөрийн хийсэн түлхүүрийн оосрыг ширхгийг нь 5 ам.доллараар зарж, нийт 4,015 ам.доллар цуглуулж чадсан юм.

Үүний 1,000 ам.долларыг өөрийнхөө сургуулийн сурагчдын өдрийн хоолны өрийг барагдуулах болон ирээдүйд үүсэх төлбөр төлөхөд зориулсан бол үлдсэнийг нь ойролцоох зургаан сургуулийн өрийг төлөхөд тус бүр 500 ам.доллар хандивлахад зарцуулжээ.

Түүний ээж CNN-д өгсөн ярилцлагадаа "Аляска, Миннесота, Аризона гээд улсын өнцөг булан бүрээс түлхүүрийн оосрын захиалга ирж байна. Кионигийн төслийг ийнхүү нийгмээрээ дэмжиж байгаа нь үнэхээр гайхалтай" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

 

Киони одоогийн байдлаар 300 гаруй түлхүүрийн оосор зараад байна.

АНУ-д сурагчдын өдрийн хоолны өр нь тулгамдсан асуудлын нэг болоод байгаа аж. Тухайлбал, 2017-2018 оны хичээлийн жилд сургуулиудын 75 хувь нь өдрийн хоолны өртэй байгаа нь 2012-2013 онтой харьцуулбал 70 хувиар өссөн үзүүлэлт.

Өнгөрсөн жил Охайо мужид нэгэн хүүг өдрийн хоолны өртэй хэмээн 9 насных нь төрсөн өдрөөр хоолыг нь өгөөгүй тухай мэдээлэл хэвлэлд гарснаар энэ асуудал олон нийтийн анхааралд өртжээ. Түүнчлэн Рөүд-Айлендын нэгэн сургууль өдрийн хоолны төлбөрөө төлөөгүй сурагчдад хачиртай талх өгч байсан нь шүүмжлэл дагуулсан юм.

Энэ мэтчилэн олны шүүмжлэлийг төрүүлсэн мэдээллийн дараагаар АНУ-ын мужуудад өртэй эсэхээс үл хамаарч сурагчдад халуун хоол өгдөг болсон байна.

 

Эх сурвалж: CNN