Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавирусийн гамшигтай холбоотойгоор Дэлхийн Банк эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Дэвид Малпасс, Жанет Йеллен нар

Коронавирусийн гамшигтай холбоотойгоор 2020 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамгаа бууруулж тооцох болсныг Дэлхийн Банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс өчигдөр мэдэгджээ.

Өнгөрсөн сард тус байгууллага Америк-Хятадын худалдааны дайн намжсантай холбоотойгоор энэ оны эдийн засгийн өсөлтийг сэргэнэ гэж тооцоолж байсан юм.

Гэвч Хятадад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн аюул дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж дүгнэжээ.

“Ядаж 2020 оны эхний хагасын өсөлтийг бууруулж тооцох шаардлагатай боллоо. Хятадад үйлдвэрлэгдсэн их хэмжээний бараа бүтээгдэхүүн зорчигч тээврийн нисэх онгоцоор дамжин дэлхийн бусад улс орнуудад түгээгддэг” гэж Малпасс мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл нислэгийн компаниуд Хятадын чиглэлд үйлчилгээгээ зогсоож, зарим хөрш орнууд хилээ хааж байгаа нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн урсгалыг сааруулж, цаашлаад дэлхийн эдийн засагт сөргөөг нөлөөлнө гэж дүгнэжээ.

Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2.4 хувь байсан бол Дэлхийн Банк 2020 оны өсөлтийн таамгийг 2.5 хувь гэж тооцоод байсан юм.

Өчигдөр Малпасс эдийн засгийн төлөв байдлын талаар АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны захирал асан Жанет Йеллентэй ярилцахдаа дээрх байр суурийг илэрхийлсэн байна.

Жанет Йеллен ч Дэлхийн Банкны ерөнхийлөгчтэй санал нэг байгаагаа энэ үеэр илэрхийлжээ.

Түүний үзэж байгаагаар коронавирусийн аюул наад зах нь энэ оны эхний нэгээс хоёр улиралд Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд энэ нь цаашлаад дэлхийн эдийн засагт муугаар нөлөөлөх гэнэ.

Ухань хотоос гаралтай шинэ коронавирусийн халдвараар өнөөдөр Хятад даяар бараг 500 орчим хүн амиа алдаад байна. Энэ нь 2002-2003 онд тус улсад тархаж, 349 хүний амийг хөнөөсөн SARS-ийн гамшгийн хохирлыг давсан үзүүлэлт юм.

 

Эх сурвалж: AFP

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.