Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эквадорын ерөнхийлөгч бэлгийн дарамтын талаар хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Америкийн Эквадор улсын ерөнхийлөгч Ленин Морено эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамтын сэдвээр хэлсэн үгнийхээ төлөө уучлал гуйжээ.

Тэрээр өнгөрсөн Баасан гарагт далайн эргийн Гуаяакил хотод хөрөнгө оруулагчидтай уулзахдаа бэлгийн дарамтын сэдвийг хөндсөн байна. Морено энэ үеэр “Эмэгтэйчүүд царай муутай эр өөрийг нь өдөхөд шууд бэлгийн дарамт болгодог. Харин царай зүс сайтай, аятайхан хүн өдвөл үүнийг бэлгийн дарамт гэж үзэхгүй байх хандлагатай” гэж ярьсан гэнэ.

Мореногийн хэлсэн үг тэр дороо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид, эмэгтэй улс төрчдөөс хүчтэй шүүмжлэл дагуулж эхэлжээ.

Тухайлбал эрх баригч намын конгрессийн гишүүн эмэгтэй Соледад Буэндиа “Бэлгийн дарамт, хүчин, хүний наймаа, сэкс мөлжлөгийг хошигнол болгож ярих нь ерөнхийлөгч хүний хувьд байж боломгүй зүйл. Биднийг хохирогч болгох агуулгатай ямар ч яриаг зөвтгөх ёсгүй!” гэж мэдэгдсэн байна.

Ингээд Морено өчигдөр твиттер хуудсандаа уучлал гуйсан мэдэгдэл гаргасан байна. “Бэлгийн дарамтын тухай хэлсэн үгээрээ би ёс бус үйлдлийг хаацайлах зорилго агуулаагүй. Хэрвээ буруу ойлгогдсон бол уучлал гуйж байна. Би эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг бүх төрлийн хүчирхийллийн эсрэг байдаг” гэж тэр бичжээ.

 

Эх сурвалж: The Guardian