Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хувийн эмнэлэгт эмчлүүлсэн иргэд ЭМД-ын сангаас 400,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
Төр, хувийн хэвшлийн эмнэлгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифын ялгааг үе шаттайгаар арилгаж, ижил түвшинд хүргэх ажлын хүрээнд дараах томоохон өөрчлөлтийг хийсэн билээ. 
 
Тодруулбал, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношийн хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМД-ын үндэсний зөвлөлөөр шинэчлэн батлуулсан. Үүний үр дүнд: 
  • Даатгуулагчид улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-нээс 400,000 төгрөгийн хөнгөлөлт авах боломжтой боллоо. 
  • Мөн хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175,000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225,000 төгрөгөөр нэмэгдэж, 400,000 төгрөг болж улсын эмнэлгийнхтэй ижил болж байна.
Ингэснээр даатгуулагч нар зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасаж, хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдэж байна. 
  • Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ, сувиллын тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110,000-117,000 төгрөг олгодог байсан бол өнөөдрөөс мөн нэмэгдэж, тусламж үйлчилгээ тус бүрт 250,000 төгрөг олгож байх боллоо.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүлжээ.