Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгчийг далдуур "муулсан" ерөнхий сайд огцрох хүсэлт гаргасан ч хүлээж авсангүй

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Володимир Зеленскийг эдийн засгийн мэдлэггүй хүн гэж ярьсан бичлэг нь ил болсны дараа Украины ерөнхий сайд огцрох хүсэлт гаргажээ.

Ерөнхий сайд Олексий Гончарук өчигдөр фэйсбүүк хуудсандаа “Ерөнхийлөгчид итгэх итгэл, хүндлэлд эргэлзээ үүсгэхгүй байх үүднээс би өнөөдөр огцрох хүсэлтээ гаргалаа” гэж бичсэн байна.

Тэрээр өөрийнх нь ярианы бичлэг ерөнхийлөгчийг хүндэтгэдэггүй хүн мэт буруу ойлгогдохоор байгааг хүлээн зөвшөөрсөн байна. Энэ долоо хоногийн дундуур задарсан хоолойн бичлэгт өнгөрсөн сард Украины засгийн газрын гишүүд төв банкны удирдлагуудтай хийсэн албан бус уулзалтын яриа агуулагдаж байв.

Тухайн үед албаныхан Украины эдийн засгийн нөхцөл байдлыг ерөнхийлөгч Зеленскийд хэрхэн тайлбарлах тухай ярилцжээ. Гэтэл уг бичлэгт ерөнхий сайд Гончарук “ерөнхийлөгч эдийн засгийн анхан шатны ойлголттой хүн тул аль болох энгийн аргаар тайлбарлах хэрэгтэй” гэж ярьсан байна.

Тэр бас өөрийгөө эдийн засгийн мэдлэгийн хувьд “харанхуй” хүн гэж ярьж байжээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард Володимир Зеленский Украины ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа 35 настай Гончарукыг ерөнхий сайдаар томилсон юм. Тэрээр Украины түүхэн дэх хамгийн залуу ерөнхий сайд болж байв.

Улс төрийн ямар ч туршлагагүй Гончарук нь хууль, төрийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн, эдийн засгийг либералчлах шинэчлэлийн бодлогыг дэмждэг хүн гэгддэг.

Ерөнхий сайд болохоосоо өмнө тэрээр Европын Холбооноос Украины бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн төсөлд ажиллаж байжээ.

Сүүлд авсан мэдээллээр Баасан гарагийн орой Зеленский ерөнхий сайдаа хүлээн авч уулзахдаа огцрохыг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP